Түүнийг Жосеф Кери Меррик гэх бөгөөд хүмүүс ихэвчлэн Жон Меррик эсвэл заан хүн гэх нэрээр нь түлхүү мэдэх юм. Тэрээр төрөлхийн нүүр болон биеийн гажигтай бөгөөд заан хүн нэрээр эрэмдэг хүмүүсийн циркт үзүүлбэр үзүүлэн амьдардаг байжээ. Гэвч хожим Фредерик Тревис гэх эмчтэй танилцсанаар Лондон хотын эмнэлэгт амьдрах болсон юм. Үүний үр дүнд заан хүн урьд хэзээ ч өөрийнхөө төсөөлөөгүй байсан амьдралаар амьдарч чадсан бөгөөд эмч түүнийг хүний нийгэмд хөл тавихад тусалсан байдаг. Түүнийг төрөлхийн гажигтай болохыг төрөөд нэг их удаагүй байхад нь эцэг эх нь мэджээ. Хүүгийн арьс энгийн хүнийхээс илүү зузаан байснаас гадна нүүрэн дээр нь төвгөр зүйлс их байсан аж. Цаг хугацаа өнгөрөх бүр хүүгийн нүүрэн дээрх зүйлс илүү томорсоор дух нь бараг бүхэлдээ автсан байна. Мөн баруун гар нь бас хөөж томорсон тул хүү бага байхдаа нэг удаа тэнцвэр алдан унаж гуяаа гэмтээсэн байдаг. Тухайн цагаас хойш бүхий л амьдралынхаа турш доголж явах болжээ.
Түүнийг 11 настай байхад ээж нь уушгины өвчны улмаас хорвоог орхиж харин эцэг нь өөр хүнтэй суусан байна. Меррик 13 настайдаа сургуулиасаа гарч Лейкестер дахь тамхины үйлдвэрт ажиллах болжээ. Түүний хойд эх болон эцэг нь хамт амьдрах хүсэлгүй байсан бөгөөд гэрээсээ хөөсөн тул өөрийн нагац ах болох үсчин эр Чарлес Мерриктэй хамт амьдрах болсон аж. 1879 оны 12-р сард буюу 17 нас хүрэх үедээ Лейкестер хотын ядуус амьдардаг улсын хангамжийн байранд амьдрах болов. 1884 онд буюу ядуусын байшинд 4 жил амьдарсны дараа тэрээр өөрийн гэсэн шоубизнестэй эр болох Сэм Торртай танилцан түүнээс өөрийгөө үзүүлбэр үзүүлж болох тухай асуусан байна. Мэдээж Торр түүний саналыг зөвшөөрч хэд хэдэн мэргэжлийн хүмүүсийг дайчлан Меррикийг бэлтгэн улмаар заан хүн хэмээх тайзны нэрийг өгсөн байдаг.
Тэрээр Их Британи даяар аялан тоглолт хийж яваад Лондон хотод нэгэн буудалд буусан байна. Харин буудлын эсрэг талд эмнэлэг байх бөгөөд тэндэхийн мэс заслын эмч Фредерик Тревес заан хүнийг олж харан түүнийг эмнэлэгтээ урьж рентген зураг авсан байдаг. 1884 оны сүүлээр заан хүн Лондонг орхиж Сэм Роперс гэх эрийн циркт элсэн Европ уруу аялан тоглолт хийхээр явсан байна. Гэвч Бельгид явж байхад түүний менежир заан хүнийг дээрэмдэн Брусселсийн гудамжинд ганцааранг нь ямар ч мөнгөгүй орхисон байдаг. Очих газаргүй, мөнгөгүй болсон эр арай ядан Лондон хүрч тэндээс Тревес эмчийг олж уулзан Меррик түүнээс түр зуур амьдрах өрөө, ор хүссэн байна. Үнэн хэрэгтээ тэрээр үлдсэн амьдралынхаа туршид ч эмнэдлэгт амьдрах боломжтой байв. Түүнийг эмнэлэгт амьдарч байх хугацаанд Тревес эмч өдөр бүр түүнээр зочлон хоорондоо ярилцсаар маш дотно найзууд болсон юм. Мөн Их Британы чинээлэг ноёд болон хатагтай нар ч түүнийг ирж үе үе эргэдэг байсан бөгөөд тэдний дунд Вэйлсийн ханхүү Александра хүртэл түүн дээр очин уулздаг байв. Ийнхүү тус улсын дээдсийн хүрээлэл түүнийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул эгэл иргэд түүнийг ялгаж хандах ямар ч үндэслэлгүй болжээ.
Гэвч 1890 оны 4-р сарын 11-ны өдөр заан хүн 27 насандаа амьсгал хураасан байна. Түүний үхлийн шалтгааныг амьсгал нь боогдсон гэж албан ёсоор тайлбарласан боловч Тревес эмч түүний үхлийн шалтгааныг арай өөрөөр буюу хүзүү нь хугарсан гэж оношилсон байдаг. Түүнийг өдрийн 3 цагт амиа алдсан байхыг олсон бөгөөд хамгийн сүүлд 1 цагт сувилагч түүнд хоол авчирч өгсөн байна. Харин түүний уг өвчний шалтгааныг эрдэмтэд одоог хүртэл олоогүй бөгөөд гагцхүү генетикийн өвчин болохыг л мэдэж байгаа гэнэ. Мөн яг түүний өвчний тохиолдол манай гаригийн түүхэнд ердөө хоёрхон бичигдсэн байдаг. Ноён Меррикийн амьдралаас сэдэвлэн 1979 онд болон 2015 онд тус тус кино бүтээгдсэн бөгөөд тэд бүгд “заан хүн” хэмээх нэртэй бүтээлүүд аж.