Хавай арал хараахан АНУ-ын 50 дахь мужаар бүртгэгдээгүй байсан үе болох 1935 оны 12-р сарын 27ны үүрээр энэ бүхэн эхэлсэн байдаг. Мөнхийн урин дулаан уур амьсгалтай байдаг Хавай арлын оршин суугчдын шөнийн гүн нойрыг газар хөдлөлтийн аймшигтай чичирхийлэл хормын дотор сарниулах нь тэр. Урьд хэдэн удаа газар хөдөлж байсан боловч энэ удаагийнх бусдаасаа нэг л өөр байлаа. Юу болоод байгааг нүдээрээ харахаар гадагш гарсан иргэд харсан зүйлдээ итгэж чадсангүй. Тэнгэрийн баруун хойд хязгаарыг бүхэлд нь золигийн хар утаа бүрхэх нь тэр. Тэр утаа бол түймрийн бараан үүл биш байлаа, харин дэлхийн хамгийн хүчирхэг галт уул эргэн амилснаа тунхаглах тунхаг байсныг хүмүүс хараад л ойлгосон юм.
Нэгэн цагт дэлхийн хамгийн томд тооцогддог байсан Mauna Loa галт уулын гэнэтийн дэлбэрэлт ойролцоох тосгонд оршиж байсан 35,000 хүний аминд шууд нөлөөлөхөөр байлаа. Хавай арлын удирдлага яаралтай арга хэмжээ авч иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан ч цаг хугацаа дэндүү бага байсан тул амжих шинж ажиглагдсангүй.
Харин яг энэ цаг мөчид АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж Хавай арлын орчимд байрлах агаарын нисэх хүчний 21-р салаанд маш содон даалгавар өгсөн өгсөн юм. Энэ нь өгөгдсөн чиглэлийн дагуу хоосон газарт бөмбөгдөж халуун лаавийн урсгалыг тосгоноос өөр зүгт чиглүүлэх явдал байв. Хэрэв уг даалгавар бүтэлгүйтвэл “Hilo” тосгон болон тэнд амьдардаг 35,000 хүнийг Помпейтой хотынхтой ижил хувь тавилан угтах байлаа.
Нийт дөрвөн нисэх онгоц тус бүр 0,1 секундын зөрүүтэйгээр нийт 20 бөмбөг хаясан байдаг бөгөөд эдгээрээс 5 нь байндаа тусаж халуун лаавийн чиглэл 45 градусаар далийж тэр эрчиндээ номхон далайд цутгасан байдаг. Түүхийн бүхий л цаг үед Хавай аралд ямар нэгэн асуудал тулгарах бүрд асуудлыг АНУ шийдэж өгдөг байв. Энэ ч утгаараа Хавай арлыг хожим аялал жуулчалын бүс нутаг болгон хөгжүүлэх боломжтойг ойлгосон Холбооны Засгийн Газар 1959 оны 8-р сарын 21-ны өдөр АНУ-ын 50 дахь мужаар бүртгэсэн түүхтэй.
Нийтэлсэн Ц.Баяр