ХРУШЕВЫН ГУТАЛ
Хүйтэн дайны оргил үед буюу 1960 онд ЗХУ-ын удирдагч Никита Хрушев дэлхийг ангайлгасан үйлдлээ НҮБ-ын чуулганы танхимд үзүүлж байв. Филиппиний төлөөлөгч энэ үед зүүн Европын ард иргэдийн эрх чөлөөг хаан боож байна гэж Москвагийн эрх баригчдыг шүүмжилжээ. Гэтэл Хрушев гутлаараа ширээ нүдэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хрушевын ач охины сүүлд дурсан бичсэнээр бол Зөвлөлтийн удирдагчийн шинэ гутал хөлийг нь холгож байснаас танхимд суухдаа тайлж тавьсан байжээ. Филиппиний төлөөлөгчийн шүүмжлэлд уурссан Хрушев энэ үед суудлаасаа босож, ширээг гараараа цохисон байна. Ширээ хатуу байсан тул удирдагчийн цаг бугуйнаас нь салж шалан дээр унажээ. Цагаа авахаар тонгойсон Хрушев тайлж орхисон гутлаа шүүрч, ширээгээ нүдэж эхэлсэн юм байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Берлины хана боссон гэдэг
АРАФАТЫН ТУЛГАН ШААРДАЛТ
Палестинчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Яссир Арафат 1974 онд НҮБ-ын чуулганд уригдан үг хэлж байжээ. Тэр энэ үеэр тусгаар улсаа байгуулахын тулд бүх аргыг хэрэглэхэд бэлэн байгаагаа дэлхий дахинд тунхагласан юм. Нэрийн хуудас болсон палестин алчуур толгойдоо зүүсэн Арафат “Өнөөдөр би энд зөвшилцөх хүсэл эрмэлзлэл, эрх чөлөөний төлөө тэмцэгчийн буу хоёрыг хоёуланг авчирлаа. Зөвшилцөх хүслийг минь битгий унтраагаарай” гэж хэлж байжээ.
КАСТРОГИЙН НУРШУУ ИЛТГЭЛ
Кубын удирдагч Фидел Кастро НҮБ-ын чуулганд олон удаа оролцохдоо өөрийн гол дайсан АНУ-ыг шүүмжлэх боломжоо хангалттай ашигладаг байв. Зохион байгуулагчид түүнийг товч ярихыг шаарддаг ч тэр 1960 онд үг хэлэхдээ 4 цаг, 30 минут зарцуулж байжээ. Цэрэг ногоон өмсгөлтэй Кастро Америкийн капиталистуудын колоничлолоос салаад байгаагаа тунхаглан зарлаж, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедиг “бичиг үсэггүй, биеэ тоосон саятан” хэмээн нэрлэж байжээ. Тэр бас капиталистууд өөрийг нь ялгаварлан гадуурхаж байгаа тухай гомдоллон ярихдаа Нью Йоркийн зочид буудлаасаа хөөгдсөнийг жишээ болгож байв.
КАДДАФИГИЙН СҮЙТГЭЛ
Ливийн удирдагч асан Муаммар Каддафи бас НҮБ-ын индэр дээр удаан ярьдгаараа алдартай нэгэн байв. 2009 онд тэр нэг цаг, 40 минут үг хэлэхдээ олон дайн дажин, түрэмгийлээс улс орнуудыг хамгаалж чадахгүй байгаад НҮБ-ыг буруутган шүүмжилжээ. Цөлийн бедуйнчуудын уламжлалт хувцастай Каддафи Иракт хэн аллага үйлдэж байгааг хэлж, Талибанчуудын Исламын эмират байгуулах хүслийг дэмжиж байв. Дараа нь тэр НҮБ гэдэг байгууллага үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус байгууллагын дүрмийг хэрэгүй цаас гэж үзээд индэр дээр урж хаясан байна.
ЧАВЕЗ БА ЧӨТГӨР
Венесуэлийн талийгаач удирдагч Уго Чавез 2006 онд НҮБ-ын индэр дээр үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийг чөтгөр хэмээн нэрлэж байв. “Өчигдөр энд чөтгөр зогсож байсан. Индэрээс одоо ч дарь үнэртэж байна” хэмээн тэр хэлсэн юм. Тухайн үед Иракийн дайн эрчээ аваад байсан тул Чавез ийнхүү Цагаан ордны эзнийг шүүмжилсэн байна.
АХМЕДИНЕЖАД БА ЕСДҮГЭЭР САРЫН 11
2010 онд үг хэлэхдээ Ираны хатуу чиг баримжаатай ерөнхийлөгч Махмуд Ахмединежад танхимд суусан зарим хүмүүсийг бухимдуулж, чуулганыг орхин явахад хүргэж байв. Тэрээр есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулалттай үйл явдал, АНУ-ын эрх баригчид өөрсдөө ихэр цамхагийг дэлбэлсэн гэж үзэж байгаагаа НҮБ-ын индэрээс хэлж байжээ. Түүний үг Нью Йоркчуудыг уурлуулсан ч эх орондоо өргөн дэмжлэг авсан юм.
НЕТАНЬЯХУ БА ЦӨМИЙН БӨМБӨГ
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 2012 онд НҮБ-ын чуулганд үг хэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийн аюулыг дэлхий дахинд анхааруулсан юм. Тэр ингэхдээ том зурагт хуудас ашиглаж, цөмийн бөмбөгний зурган дээр 70 ба 90 хувийн шугам татаж тайлбарлажээ. Нетаньяху Ираны эрх баригчдыг цөмийн зэвсэгтэй болох ажлынхаа 70 хувийг гүйцэтгээд байгааг хэлж, 2013 оны дунд гэхэд 90 хувьд хүрэх тул улаан шугам татаж, даруй хориглож зогсоохыг уриалж байсан юм.