2018 оны 1-р сарын 28-ны өдөр Бразилын иргэн 37 настай Росангела Сантос бүсгүйг зүрхний шигдээсийн улмаар нас барсан хэмээн иргэний бүртгэлд бүртгэн хасалт хийлгэсэн байна. Түүнийг тухайн сарын 30-ны өдөр орон нутгийн Сенхора Сантана хэмээх оршуулгын газарт оршуулсан бөгөөд оршуулгын ёслол дээр түүний бие бүлээн хэвээрээ байсан нь хүн бүхний гайхшралыг төрүүлсэн байдаг. Гэвч холбогдох байгууллагын хүмүүс үзлэг хийгээд түүнийг нас барсан болохыг тогтоосон тул хэн ч маргаж зүрхэлсэнгүй. Угаас ойр дотны хүн нь нас барсан гэдгийг сонсоод хэн ч итгэхийг хүсдэггүй боловч бүгд л уг тавилантай эвлэрдэг жамтай.
Гэвч хэд хоногийн дараа тус оршуулгын газарт хамаатны нас барсан хүнээ эргэхээр очсон хүмүүст газар доороос орилох чимээ, ямар нэгэн зүйлийг хүчтэй цохих чимээ дуулдсан байна. Тэд оршуулгын газрын манаачид уг болсон явдлаа хэлж манаачийн хамт ойр орчимд явахад үнэхээр тийм чимээ дуулдаж байлаа. Харин уг бүс нутагт хамгийн сүүлд оршуулагдсан ганц хүн нь Росангела Сантос бүсгүй байсан юм. Гэвч эхний өдөр манаач эр хүүхдүүд түүнийг айлгах гэсэндээ ямар нэгэн тоглоом сэдсэн байж болох юм хэмээн бодоод тоогоогүй байна. Учир нь урьд нь иймэрхүү зүйл тохиолдож байсан бөгөөд үүний ард дүрсгүй хүүхдүүд байж таарчээ.
Маргааш нь уг байдал мөн л үргэлжилсэн тул бүсгүйн ар гэрийнхэнтэй холбоо тогтоон болоод буй үйл явдлыг мэдэгджээ. Хүн авсан дотроос гарахаар тэмцээд байна хэмээн талийгаачийн ар гэрийнхэн уруу ярих бол хамгийн тэнэг шалтгаан юм. Хэрэв түүний буруу байвал дотны хүнээ алдаад удаагүй байгаа хүмүүсийн сэтгэлээр тоглосон явдал болох тул манаач бага зэрэг болгоомжилсон давхар шалтгаантай байлаа. Манаачийн дуудлагаар гэр бүлийнхэн нь яаралтай очин булшыг нь гаргах үед бүсгүй үнэхээр амьд байсан бөгөөд олон хоног амьдрахын төлөө тэмцсэний эцэст нас барсан байдалтай олсон аж. Эцэст нь бүсгүй аргаа баран цусаа гартал авсны тагийг хумсаараа мэрсэн байжээ.