1951 онд Австрали гаралтай Жеймс Харрисон гэх 14 настай хүү элэгний өвчтэй болж, хагалгаанд оржээ. Түүний хагалгаа амжилттай болсны дараа, аав нь түүнд олон сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан 13 багц цусны ачаар Жеймс хүүг эрүүл болсныг тайлбарлаж өгсөн байна. Хүү аавынхаа хэлсэн үгсийг эргэцүүлэн бодож, хэрвээ хүмүүс огт цусаа хандивлаагүй бол, тэр өөрийгөө үхэх байсныг маш сайн ойлгосон юм. Харин 4 жилийн дараа, Жеймс Харрисон өөрийн цусаа хандивлаж эхэлсэн бөгөөд эмч нар түүний цусыг зарим төрлийн вируст тэсвэртэй буюу маш өвөрмөц болохыг олж мэдсэн байна.
Түүний цус нь энгийн болон “Rh” цусны бүлэгт адил таардаг бөгөөд энэ нь маш олон жирэмсэн эхэд хэрэг болдог юм. Учир нь жирэмсний үед тус бүлэг нь чухал бөгөөд эхийн цусны Rh сөрөг, харин ургийн цусны Rh эерэг байвал, ураг аюулд ордог байна. Rh сөрөг хүний дархлалын систем нь хүүхдийн Rh эерэг бүлгийн цусыг таньж, хоорондоо зөрчилдөж, “резусын” өвчинг үүсгэдэг. Үүнээс болж, ургийн тархины хөгжил зогсож, маш олон үрс нас бардаг байна.
Харин Жеймс Харринсоны онцгой цус нь резусын өвчний эсрэг хүчтэй тэмцэж, сэргийлэх хүчтэй юм. Тиймдээ ч түүний онцгой, өвөрмөц цусны ачаар 1955 оноос хойш 2 сая хүүхэд аврагдаж, амьд гарч чадсан байдаг. Одоо тэрээр 81 настай боловч цусаа хэрэгтэй хүмүүст хандивласаар байгаа аж. Хамгийн сүүлд 2018 оны 5-р сарын 11-ны өдөр цус хандивлаж нийт 1173 удаа цусаа хандивлан хүн төрөлхтний дээд амжилтыг тогтоогоод байна. Хамгийн гол нь тэрээр энэ бүхнийхээ төлөө хэнээс ч хэзээ ч юу ч авч байгаагүй юм.