Ализа Херз нь 1903 онд Чехийн нийслэл Праг хотод буюу тухайн үеийн Австри-Унгарын эзэнт гүрэнд Чехээр ярьдаг еврей гэр бүлд мэндэлсэн байна. Түүний эцэг худалдаачин байсан бол эх нь өндөр боловсролтой утга зохиолын чиглэлийн хүн байлаа. Түүнийг бага байхад ээж нь үргэлж л тухайн цаг үеийн нийгмийн суутнууд болох Франц Кафка, Зегмунд Фрейд зэрэг хүмүүстэй уулздаг байсныг уг бүсгүй сайн санадаг аж. Түүний хүүхэд нас их сонирхолтой өнгөрчээ. Хоёр ихэр дүүтэйгээ хамт тоглож, мөн долоо хоног тутам суут зохиолч Франц Кафка тэднийг хотоос гадна салхинд гаргадаг байв. Яг л хүүхэд насны энэ жаргалтай өдрүүд өдөр бүр үргэлжлэх юм шиг л санагддаг байсан нь гарцаагүй. Харин цаг хугацааны эрхээр бүсгүй том хүн болж өөрийн хүсэл сонирхлын дагуу төгөлдөр хуурч болсон юм.
Дуртай ажлаа хийж, хайртай хотдоо аз жаргалтайгаар амьдарч байхад нэг л өдөр нацистууд хүчээр тэдний хотод орж ирэн бүхий л еврей иргэдийг гадуурхан улмаар эхнээс нь баривчилж эхэлсэн байна. Гэвч баривчилгааны өмнө тэднийг жинхэнэ утгаар нь тартагт нь тулгасан юм. Еврей хүмүүс гэрээсээ ч цухуйх эрхгүй болж бүх үйлчилгээ тэднээс тусгаарлагдан ажил ч олж хийж чадахгүй бүр дэлгүүр орж хоол ч худалдан авах боломжгүй болов. Ийнхүү тартагт нь тулгасны дараа бүгдийг нь нэг шөнийн дотор баривчилсан байна. Чехословак нацистуудын мэдэлд бүрэн орсны дараа тэдний гэр бүлийнхэн Румын улс уруу зугтсан боловч Ализа Херз өөрийн өвчэй хөгшин ээж Софиаг үлдээгээд явж чадсангүй. Ээжийгээ харж үлдэхээр шийдэн гэр бүлийнхээ өмнөөс золионд үлджээ. Харин нацистууд тэднийг хоёуланг нь баривчилсан бөгөөд түүний ээж тухайн үед 72 настай байсан тул хорих лагерт авчирсан даруйдаа шатаах зууханд хийсэн байдаг. 1943 оны 7-р сард Херзийг Дерезиенстадт хэмээх хорих лагерьт авирсан бөгөөд намтар дээр нь түүнийг төгөлдөр хуурч гэснийг сонсоод шоронгийн бүдүүн даргийн сэтгэл их хөдөлсөн гэдэг. Учир нь тэрээр төгөлдөр хуурыг шүтэн биширдэг нэгэн байсан бөгөөд тухайн хорих ангид төгөлдөр хуур дардаг ганц ч хүн байдаггүй байсан нь түүнийг их хүнд байдалд оруулдаг байв.
Ийнхүү Ализа Херз 1943 оноос эхлэн хорих лагерьтаа нийт 100 гаруй удаа өөрийн тоглолтыг бусад хөгжимчдын хамт хийсэн бөгөөд түүний үзүүлбэрийг хоригдлууд болон шоронгийн харгалзагчид хамтдаа үздэг байлаа. 1945 оны 2-р сард түүний байрлаж байсан лагерийг холбоотны цэргүүд чөлөөлсөн байна. Шоронгоос гарсан тэрээр хамгийн түрүүнд өөрийнхөө нөхрийг хайсан боловч түүний нөхөр Дачау хэмээх хорих ангид холбоотнуудад чөлөөлөгдөхөөсөө зургаан долоо хоногийн өмнө гэдэсний хижиг өвчнөөр нас барсан байна. Херзийг хоригдох хугацаанд тэндхийн хоригдлууд цаг үргэлж солигдож байсан бөгөөд гагцхүү тэндээс явсан хүмүүс нь үргэлж нэг л хаалгаар ороод дахин хэзээ ч гарч ирдэггүй байлаа. Харин байшингийн яндангаас нь гуниг шингэсэн их хар утаа гардаг байсан аж. Херз нөхрөө нас барсныг мэдсэн даруйдаа Израиль уруу очин тэндээ 1986 оныг хүртэл 40 жил амьдраад эцэст нь Лондонд амьдрах болжээ. Уг бүсгүй 2014 оны 2-р сарын 23-ны өдөр 110 настайдаа жам ёсоороо таалал төгссөн бөгөөд тэрээр хамгийн сүүлд амьдарч байсан дэлхийн хоёрдугаар дайны хамгийн өндөр настай хоригдол байсан юм.