2015 оны 2-р сарын 25-ны өдөр АНУ-ын Техас мужийн Хиустен хотын Томбаллын нөхөн сэргээх эмнэлэгт Жорж Пикеринг хэмээх нэгэн эцэг гар буугаар зэвсэглэн 207 тоот өрөөнд орж тус өрөөг бүрэн тусгаарлан барьцаалсан байдаг. Учир нь уг өрөөнд түүний 27 настай хүү ухаангүй хэвтэж байсан бөгөөд 2015 оны 1-р сард тэрээр зүрхний шигдээс болон эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар нэг сар өнгөрсөн аж. Хэтэрхий удаан хугацааны турш компьютераар амьдарч байсан түүнийг эмч нар амьсгалын аппаратыг нь салгах ёстой хэмээн шийдвэр гаргасан нь уг эцгийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байна.
Иймд 2-р сарын 25-ны өдөр ухаангүй залуугийн төрсөн эцэг гар буугаар зэвсэглэн өрөөнд орж ирэн бусад бүх хүмүүсийг гарган хүүхдийнхээ аппаратыг салгахгүй хэмээн зүтгэж шаардсан байна. Сандарсан эмнэлгийн ажилчид цагдаад мэдэгдсэн тул эмнэлгийг 15 минутын дотор бүрэн бүсэлж тусгайгийн албан хаагчид ирэв. Цагдаагийн хэлэлцээр хийгч ирсэн боловч юу ч болсон хүүгээ үхүүлэхгүй хэмээн зүтгэсээр байв. Хэдий эцэг хүний сэтгэлийг ойлгож байгаа ч түүний хийж буй үйлдэл нь гэмт хэрэг тул тусгай салааныхан дайралт хийх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн аж.
Барьцаалах ажиллагаа эхэлснээс яг гурван цаг өнгөрч тусгайгийнхан яг дайрахын өмнөхөн Жорж Пикеринг нүдэндээ нулимс цийлгэнүүлэн зэвсгээ хаяж өөрөө буулт хийсэн байна. Тэрээр эмч нарт хандан хүү нь амь орсон хэмээн хэлсэн бөгөөд учир нь түүнийг өрөөнд сууж байхад нь хүүгийнх нь хуруу нь хөдөлсөн аж. Цагдаагийнхан түүнийг баривчилж эмч нар залуугийн биеийн байдлыг шалгаж үзтэл цаашид аппаратын тусламжтай амьсгалах шаардлагагүй болсон байлаа. Үнэхээр түүний бие сайжирсаар тухайн өдрийн орой гэхэд ухаан орсон байна. Залуу ухаан ороод хамгийн түрүүнд аавыгаа асуусан бөгөөд учир нь хэдий хөдөлж болон ярьж чадахгүй байсан ч тэрээр эргэн тойронд болж буй бүх үйл явдлуудыг сонсож бас мэдэрсээр байжээ. Харин түүний эцгийн хэргийг удаан хугацааны турш хэлэлцэн хорих ангид түр саатуулсан бөгөөд тухайн оны 12-р сард түүнийг буруугүй хэмээн үзэж сулласан байна. Одоо тус гэр бүл элэг бүтэн аж төрж байгаа юм.