Мартыновна Портнова нь ЗХУ-ын насанд хүрээгүй цорын ганц эмэгтэй баатар. Түүнийг амралтаараа эмээгийндээ ирээд байхад нь дайн эхэлжээ. Белорусь Эх орны дайнаар хамгийн олон партизаны бүлгэмтэй байлаа. Мөн фашистын түрэмгийлэгчдийн эсрэг насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлгөөн асар хүчтэй өрнөсөн аж. Тэдгээрийн нэг болох “севрийн өшөө авагчид” хөдөлгөөнд Зина охин идэвхтэй оролцдог байв. Зина тухайн үеийн олон хүүхдүүдийн адил тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байлаа. Тэрбээр удаан хугацаанд хичээсний үр дүнд Германы цэргийн гуанзанд ажилд орж чаджээ. Тэнд ажиллаж байхдаа охин чухал мэдээлэл дамжуулахаас гадна, 100 гаруй удирдах офицерыг хордуулж алсан байдаг. 1943 онд нэгэн урвагчийн гайгаар хотын нууц бүлгэм бараг бүрэн бүрэлдэхнээрээ баригджээ.
Партизанууд Зина охинд амьд үлдсэн гишүүдийг олж холбоо тогтоох үүрэг өгсөн аж. Тэрбээр даалгаврыг сайн биелүүлж амьд үлдсэн гишүүдийг олж илрүүлэн холбоо тогтоож чадсан байна. Гэвч хамгийн харамсалтай нь орон нутгийн партизанууд хооронд мэдээ хүргэж яваад сэжиг авахуулан баригджээ. Түүнийг зодож занчин, айлгаж сүрдүүлэн байцаасан ч бяцхан охин нууцаа хэлсэнгй. Гестапогийн офицер охиныг яргалаад юм олж долоохгүйгээ ойлгоод өөр аргаар үзэхээр шийдэн, чихэр жимсээр дайлж, худал амлалт өгч эхэлжээ. Охинтой ярьж байхдаа офицер цонх руу очих хооронд Зина ширээн дээр байсан гар бууг аваад түүнийг мөн ширээний ард сууж байсан орчуулагч цэргийн хамт буудаж орхиж. Зина комендантын харуулыг ч буудаж унагаад гол руу гүйв. Голын цаад эрэгт ой байх тул тэнд нуугдах боломж байлаа.
Гар буугаараа таарсан цэргүүдийг буудсаар хамгийн сүүлчийн сумаа өөрт үлдээсэн байв. Харамсалтай нь хөл дүүжлэх унаагүй бяцхан охин нацистуудаас хаа холдож чадах билээ. Дайснууд түүнийг гүйцэж ирэхэд охин гар бууг чамархайдаа тулгаад хором ч эргэлзэхгүйгээр гохоо дартал буу гацаж орхижээ. Офицер охины турьхан гараас бууг булааж аваад, улаан нүүрэн дундуур нь цохиж унагав. Зинаг фашистууд бүтэн сар тамлан, байцаажээ. Сүүлдээ юу ч хэлэхгүйг нь ойлгоод, зэрлэгээр тамлан тарчлаажээ. Түүний хоёр нүдийг сохолж, чихийг нь огтолж, нуруун дээр нь таван хошуу сийлсэн байдаг. 1944 оны нэгдүгээр сарын 13-ны өглөө фашистууд хотын гудамжаар нэгэн хөл нүцгэн, сохор охиныг тууж явлаа. Зинаг мэддэг байсан хүмүүс даашинзаар нь л таньсан гэдэг. Түүнийг хотын талбайд дүүжилж, цогцсыг нь оршуулахыг зөвшөөрөлгүй тухайн газарт нь 10 хонуулсан байдаг. Аугаа эх оронч эрэлхэг охинд ЗХУ-ын баатар цолыг 1958 онд нөхөн ологосон юм.