1982 онд Америкийн алс бөглүү нутагт орших жижигхэн тосгоноос Johny Gosch гэх 12 настай хүүхэд ор сураггүй алга болсон байдаг. Орон нутгийн шэриф болон иргэд бүхий л чадлаараа хүүг хайсан боловч олж чадсангүй. Гэсэн хэдий ч түүний ээж итгэл найдвараа алдалгүй хүүгээ олно гэдэгт итгэсээр байсан юм.
1984 онд АНУ-ын Засгийн газар зар сурталчилгааны компаниуд болон сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран нэгэн шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг Засгийн газар санхүүжүүлсэн бөгөөд сураггүй алга болсон хүүхдүүдийг олох үндсэн зорилготой байлаа. Энэ бүх үйл ажиллагааны сургийг дуулсан Johny Gosch-ын ээж холбогдох байгууллагуудтай уулзан явсаар 1984 оны 5-р сарын 12-ны өдрийн өглөөний сүүн дээр хүүхдийнхээ зургийг Juaneta гэх мөн адил сураггүй алга болсон охины зургийн хамт хэвлүүлсэн байдаг.
Холбооны Засгийн газар уг төсөлд тун ч их найдлага өгч байсан боловч 1 жилийн хугацаа өнгөрөөд байхад дээрх хоёр хүүхэд олдоогүй л байв. Гэсэн хэдий ч төслийн багийнхан шантралгүй харин ч өөр бусад сураггүй алга болсон хүүхдүүдийг бусад сүүний компаниудын савлагаанд хэвлэн гаргасаар байлаа. Ийнхүү 1988 он гэхэд уг төсөл бүрэн дууссан юм. Тайланг нь шалгаж үзтэл сураггүй алга болсон 24 хүүхдийн зургийг нийтэлсэн бөгөөд ердөө ганц хүүхэд л олдсон аж.
Цор ганц олдсон хүүхдийг Bonnie Lohman гэдэг байсан бөгөөд олдох үедээ тэрээр 7 настай байжээ. Охины гэр бүл салах мөчид хүүхдийг эцэг нь авч үлдэх шийдвэр шүүх гаргасан тул охины ээж нь шинэ нөхрийнхөө хамт охиноо хулгайлчихсан байв. Тухайн үед 7 настай байсан охин сүүн дээрх өөрийн зургаа харсан боловч юу ч ойлгоогүй байлаа. Харин тэдний хөрш айлын хүмүүс сүүн дээрх охины зургийг олсноор цагдаад мэдэгдсэн түүхтэй.
Харин бусад 23 хүүхэд хэзээ ч олдоогүй бөгөөд тэдний хувь тавилан хэрхэн өрнөснийг хэн ч үл мэднэ. Уг төслийн хамгийн анхны сураггүй алга болсон хүүхэд болох Johny Gosch 1982 онд алга болоод өнөөдрийг хүртэл буюу 36 жилийн турш олдоогүй л байна.