Зигмунд Расчер нь 1933 онд Германы Мюнхений их сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцан төгсөж улмаар нацист намд элссэн байдаг. Тэрээр нацистууд төрийн эрхийг авахаас амжиж 3 хоногийн өмнө тус намд элссэн байдгийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу. Уг эр 1936 онд буюу гурван жилийн дотор анагаахын програмыг дүүргэж улмаар Швейцар явж мэргэжлээ дээшлүүлэн хорт хавдрын тухайн судалж Германдаа өндрөөр үнэлэгдэх анагаахын боловсролтой нэгэн болсон байдаг. Харин 1939 онд түүнийг нацист Германы SS байгууллага хараандаа авч офицер цол өгсөн аж. Зигмунд Расчер ч уг үйл явдалд туйлын их баярлан залуу хүн өөрийнх нь ирээдүйд нь асар том боломж олдлоо гэж харан дуртай нь аргагүй SS-ын офицер болсон юм.
1939 онд нацистуудын тусгай чиглэл бүхий байгууллагад элссэн даруйд түүнтэй SS-ын дарга Химлер биечлэн уулзаж ирээдүйд ЗХУ-тай дайтах нь цаг хугацааны асуудал тул цэргүүдийнхээ төлөө, их ялалтын төлөө түүнийг хүйтний туршилт хийх ёстой хэмээн хэлсэн байна. Мөн Германд дайны он жилүүдэд эр цэргүүд хэрэгтэй тул эрчүүдийн өсөлт үржилтийг нэмэх туршилт мөн хийх ёстой байгаа тухай өгүүлсэн аж. Залуухан Расчер тухайн үедээ тулгамдсан уу яасан, ямартай ч Химлерийн хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлнэ хэмээх амлалт өгч Дачау дахь бөөгнөрүүлэн хорих анги уруу илгээгдсэн түүхтэй. Тэр газар бол түүний туршилтаа хийх бүх нөхцөлийг нь бүрдүүлсэн жинхэнэ эрдэм шинжилгээний газар байсан гэдэг.
Дачауд очсон залуухан эрдэмтэн ханцуйгаа шамлан Польш, Африк, Ази гээд л үндэстэн бүрийн хүмүүст хүйтний туршилт хийж хэдэн арваар нь өдөрт хүмүүсийг хөнөөх болжээ. Олон цагаар мөстэй усанд хэвтүүлж, Өвлийн улиралд олон цагаар гадаа шалдан байлгах зэргээр түүний хийдэг байсан яргаллууд туйлын аймшигтай. Түүнчлэн энэ бүхний хажуугаар зөвхөн эрэгтэй хүүхэд гаргах туршилт хийж байсан ч аль аль нь хангалттай үр дүнд хүрэхгүй байлаа. Харин дээд удирдлага зөвхөн үр дүнг хүсэж байсан нь түүнд туйлын их дарамт учруулж эхэлсэн байдаг. Иймд түүнд нэгэн содон санаа төрсөн бөгөөд 3 жилийн дотор тэдний гэр бүлд гурван хүүхэд төрсөн нь гурвуулаа эрэгтэй байлаа. Тэрээр энэ бүх туршилтыг өөрийн гэр бүлдээ хийсэн хэмээн итгүүлж Химлерээс онц дүн авч толгойгоо илүүлж эхлэв. 1945 онд түүний эхнэр дахин жирэмсэн болсон боловч төд удалгүй гэр бүлээрээ баривчлагдах нь тэр. Учир нь Германы тагнуулын байгууллага доктор Расчерийн өмнөх гурван хүүхдийг түүний хүүхэд биш бөгөөд намын удирдлагад нэр алдар хүртэхийн тулд энгийн нялх хүүхдүүдийг хулгайлж өөрсдийн хүүхэд хэмээн итгүүлж удирдлагад өөрийн туршилтыг амжилттай явуулж байгаа гэдгийг харуулах гэсэн бусармаг оролдлого болохыг тогтоосон байдаг. Энэ хэргийнх нь төлөө түүнд цаазын ял өгсөн бөгөөд Химлер ямар ч өршөөлгүйгээр Дачау дахь хорих ангид түүнийг буудан хөнөөсөн юм.