Рауль Густав Валленберг 1944 онд Унгарт суух Шведийн дипломат төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож байжээ. Тэрээр Унгарыг фашистуудад эзлэгдээд байх үед өөрийн дипломат эрхээ ашиглан олон мянган еврей хүнд шведийн иргэншил олгох “хамгаалалтын паспорт” гарган өгч фашистын бөөнөөр хорих лагерьт очих эмгэнэлт хувь заяанаас нь аварсан нэгэн. Тэрээр Улаан арми орж ирэх өдрийг хүртэл унгарын евречүүдэд Швед рүү гарах паспорт өгсөөр байсан гэдэг. Баримтад итгэвэл Валленберг унгарын лавтай 50 орчим мянган еврейг үхлийн аюулаас аварсан байна.
Дайны өмнө Унгарт 204 мянган еврей хүн амьдарч байсан бол Улаан арми орж очиход фашистуудын байгуулсан еврейн хотхонд ердөө 97 мянган хүн байсныг бодоход энэ баримт үнэн байж таарна. Харин олон мянган хүний амь аварсан энэ гайхамшигт хүний хувь заяа хаашаа эргэсэн бэ. 1945 оны нэгдүгээр сарын 13-нд Зөвлөлтийн улаан арми Унгарын нийслэл Будапештийг чөлөөлж. Энэ үеэс Валленбергийн хувь заяа тодорхойгүй болж түүний талаар янз бүрийн мэдээлэл байдаг.
Түүнийг Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн байрны дэргэдээс жолоочийн нь хамт зөвлөлтийн эргүүлийнхэн саатуулсан гэдэг. Өөр нэг хувилбараар бол тэрээр өөрөө улаан армийн буудлагын 151 дүгээр дивизийн байранд ирж зөвлөлтийн удирдлагуудтай уулзахыг хүссэн ч гэдэг. Гурав дахь хувилбараар бол түүнийг замд явж байхад зөвлөлтийн улаан армийн сөрөг тагнуул-СМЕРШ саатуулж баривчилсан гэнэ. Харин зөвлөлтийн хяналтад байсан унгарын “Радио Кошут” болохоор 1945 оны гуравдугаар сарын 8-нд Рауль Валленберг гудамжны тулалдааны үеэр нас барсан гэж мэдээлсэн байдаг.
Харин барууны хэвлэлүүд болохоор Валленбергийг оросууд баривчлан Москвад илгээж Лубянка дахь Улсыг аюулаас хамгаалах яамны шоронд хорьсон гэж мэдээлдэг. Шведүүд өөрийн дипломат ажилтан, энэ гайхамшигт хүний тухай мэдээлэл авах гэж ЗХУ-д удаа дараа хандсан боловч амжилт олоогүй байна. 1947 оны наймдугаар сард оросууд Валленберг ЗХУ-д байхгүй, зөвлөлт засаг энэ талаар юу ч мэдэхгүй гэсэн хариу өгч.
Харин 1957 оны хоёрдугаар сард л Рауль Валленберг 1947 оны долдугаар сарын 17-нд Лубянскийн шоронд өвчний улмаас нас барсан байна гэж Москва албан бусаар мэдэгдсэн байна. Энэ шоронд байсан германы хоригдлууд ч Валленбергтэй 1947 он хүртэл шоронгийн телеграфаар /хана тогших/ харилцдаг байсан. Харин дараа нь түүнийг хаашаа юм нэг тийшээ шилжүүлсэн гэж мэдүүлсэн байдаг.
Батлагдаагүй бас нэг мэдээллээр Валленбергийг оросууд “Хоригдол №7” гэж нэрлэдэг, 1947 оны долдугаар сард түүнийг байцаасан, үүнээс долоо хоногийн дараа тэр нас барсан гэсэн байдаг. 2010 оны дөрөвдүгээр сард америкийн түүхч С.Бергер, В.Бирштейн нар “Валленбергийн 1947 оны долдугаар сарын 17-нд нас барсан нь худал байна. Холбооны аюулгүйн албаны Төв архивт ажиллах хугацаанд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах яамны Гуравдугаар газрын дөрөвдүгээр хэлтсийн дарга Сергей Карташев гэгч “Хоригдол №7” гэгчийг 1947 он долдугаар сарын 23-нд 16 цагийн турш байцаасан. Мөн Лангфельдер гэгчийг байцаасан гэсэн байна. Энэ Лангфельдер гэгч нь Валленбергийн жолооч байсан хүн. Тэгэхээр “Хоригдол №7” гэдэг нь Рауль Валленберг байжээ” гэсэн байна.
Энэ баримтаар бол Рауль Валленберг өмнө өгүүлсэн шиг 1947 оны долдугаар сарын 17-нд өвчнөөр /зүрхний шигдээсээр/ нас барсан биш түүнээс долоо хоногийн дараа зөвлөлтийн улаан армийнхны хүнд ширүүн байцаалт, тамлалын улмаас нас барсан болж таарч байна. Юутай ч фашистын бөөнөөр хорих лагерьт тамлуулж амь алдах аюулаас унгарын олон мянган хүнийг аварсан энэрэнгүй үзэлт шведийн дипломат энэ гавьяат үйлсийнхээ төлөө Зөвлөлтийн ногоон малгайтнуудын гарт тамлуулж нас барсан эмгэнэлт түүх энэ.