“Sir adrian carton die wart” гэх урт нэртэй уг эрхмийн намтар хүний санаанд оромгүй зөгнөлт зохиол шиг ажээ. Үхэл гэдэг хүн бүрийг амьдралынх нь турш араас нь элдэн хөөдөг бол уг эрээс харин үхэл зугтдаг байсан юм. Учир нь тэрээр амьд байх хугацаандаа нийт гурван том дайнд оролцсон бөгөөд биедээ 25 удаа шарх авч байжээ. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд өрөөсөн нүд болон зүүн гараа алдсан боловч дэлхийн хоёрдугаар дайнд Германчуудын эсрэг үргэлжлүүлэн тулалдсан нэгэн.
Эрэлхэг цэрэг 1880 онд Бельги улсад төрсөн бөгөөд түүний эцэг эх нь амьдралын боломж тааруу тул Англи эмэгтэйд үрчлүүлж балчир насандаа Их Британид очиж амьдарч эхэлсэн байдаг. Тэрээр нас биед хүрснийхээ дараа Их Британы армид элссэн бөгөөд 1901 онд Африк уруу татагдаж алдарт “Boer”-ын тулалдаанд оролцсон юм. Энэ нь түүний амьдралын хамгийн анхны дайн байлаа. Уг тулаанд тэрээр аз болж бэртэл аваагүй боловч тун удалгүй буюу 1915 онд түүнийг шинэ дайн дуудсан юм. Тэр дайн л чухам түүнийг хэн болохыг нь дэлхий нийтэд харуулсан хэрэг.
Дэлхийн нэгдүгээр дайнд Их Британы талд баруун фронтод тулалдаж явсан уг эрхэм 1915 оны 5-р сарын 15-ны өдөр болсон нэгэн дайралтын үеэр нүүрэндээ хоёр ч удаа буудуулан нэг нүдээ алдсан байдаг. Түүнд яаралтай мэс засал хийсэн бөгөөд өрөөсөн нүдээ алдсан эрийг цэргээс чөлөөлөх зөвшөөрөл өгсөн боловч тэрээр эсэргүүцэн үргэлжлүүлэн тулалдахаар шийдсэн юм. Ийнхүү Sir adrian carton die wart нь Somme-ын тулалдаанд шагайдаа буудуулж, Passchendele-ын тулалдаанд сугандаа шархдаж, Cambrai-ын тулаанд хөлдөө буудуулж, Arras-ыг эзлэх дайнд чихэндээ сум авсан түүхтэй.Харин дайны төгсгөл буюу 1917 онд дэргэд нь унасан тэсрэх бөмбөгийг алгаараа дарж хамт байсан хүмүүсийнхээ амийг аварсан боловч өөрийн өрөөсөн гараа бүрмөсөн алдсан аж. Түүний баатарлаг тэмцэл, эр зоригийг Их Британи улс үнэлж дэлхийн 1-р дайны дараа бригадын генерал цолоор шагнасан түүхтэй.
Ийнхүү санаа амарлаа гэтэл түүний түүх энд хүрээд дууссангүй. Европ тивд шинэ дайн эхэлсэн нь дэлхийн 2-р дайн байлаа. Өрөөсөн нүд өрөөсөн гараа алдсан генерал уг дайнд хамгийн эхний ээлжид их газрын Европ уруу явсан байдаг. Тэрээр Польш улсад тусгай ажилгаа явуулж буй цэргүүдийг ахалж байхдаа олзлогдож Италын шоронд хоригдсон боловч тэндээсээ оргож Их Британид очиж чадсан юм. Үүгээр зогсохгүй дахиж цэрэг аван 1941 онд Югославыг чөлөөлөх тулаанд десантын анги нэгтгэлтэй хамт онгоцонд явж байтал тэдний онгоц суманд өртөн сүйрч усанд унахад тэрээр мөн л амьд үлдэж чадсан аж. Ийнхүү маш олон амь өрссөн тулаануудыг даван туулсаны дараа тэрээр дэлхий нийтэд танигдаж, Хятадын Чан Кай Ши, Их Британы Черчилль зэрэг нөлөө бүхий эрхмүүдтэй сайн найз болсон түүхтэй. Тэрээр 2-р дайны дараа найздаа бичсэн захидалдаа “би үнэхээр дайнд хайртай” хэмээн бичсэн байдаг.
Эрэлхэг эр маш олон гэнэтийн үхлийг ялан туулж чадсан боловч эргэх хорвоогийн жамаас зугтаж чадалгүй 1963 оны 6-р сарын 5-ны өдөр 83 насандаа хорвоог орхисон юм.