Монголчууд эсвэл Азийн орнуудын хувьд хас тэмдэг нь өнөөдөр нэг их ач холбогдолтой биш боловч өрнийн соёл иргэншилт улсуудад хас тэмдэг нь бараг өнөөдрийг хүртэл хориотой гэж хэлж болохоор. Гэхдээ хас тэмдэг нь зөвхөн фашизмын тэмдэг гэвэл худлаа. Үүнийг манай улсын түүх гэрчилчхээс гадна Буддизм, Одинизм, Хиндузм, Жудизм зэрэг шашнуудад ашиглагддаг байсан бөгөөд Индонез болон Энэтхэгийн мартагдсан сүмүүдээс уг тэмдэг ихээр олддог юм. Харин Санскрит хэлэнд уг тэмдэг нь “аз” гэсэн утгийг билэгддэг бол хамгийн эртнийх нь Евро Ази тивд 11 мянган жилийн өмнө уг тэмдгийг хэрэглэж байсан ул мөр байдаг байна. Иймээс хас тэмдэг нь дэлхий даяар түгэн дэлгэрсэн нэн эртний тэмдэг болж таарах нь.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө санамсаргүй байдлаар тэнгэрт нисэж явсан онгоцноос уг дүрсийг олжээ.
Харин Европ тивд Христосын тоолол эхлэхээс өмнө эртний Грек, Ромын эзэнт гүрэн, Серби, Босни, Украин зэрэг улсуудаас уг тэмдгийн ул мөр олдсон байдаг. Тэгвэл өнөөгийн бидний төсөөлөхөд ч бэрх зүйл юу бэ гэвэл хас тэмдгийг Coca-Cola болон Carlsberg зэрэг брендүүд хэрэглэж байсан явдал бөгөөд үүгээр ч барахгүй дэлхийн нэгдүгээр дайнд АНУ уг тэмдгийг хэрэглэж байсан түүхтэй. Харин 1930аад оны үеэс Нацистууд уг тэмдгийг хэрэглэх болсноор тэмдгийн мөн чанар, жинхэнэ утга нь алдагдаж эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ улс орон, үндэстэн, шашин бүрт өөр өөр утга илэрхийлдэг байсан тул ингэж хэлэх нь бас буруудах тал бий.
Уг моднуудыг хэн хэрхэн тарьсан нь тодорхойгүй боловч хэзээ тарьсан нь тодорхой байгаа юм.
Барууны ертөнцөд хас тэмдгийг алдартай болгосон хүн нь Heinrich Schielmann гэх Германы археологич бөгөөд тэрээр 1870 онд 4000 жилийн түүхтэй эртний Troy хотоос анх уг тэмдгийг олж байжээ. Тэрээр маш олон жилийг уг тэмдгийг судлах ажилд зарцуулсан бөгөөд Homer-ын бүтээлүүд зүгээр ч нэг яруу найраг төдий зүйлс биш асар их гүн утга илэрхийлдгийг олж мэдсэн байна. Энэ судалгаа нь ч түүнийг нэр алдарт хүргэсэн юм. Тэрээр Troy хотын дараа Ази, Африк, Өмнөд Африк зэрэг газруудаар удаан хугацааны хайгуулын ажиллагаа явуулсны үндсэн дээр хас тэмдгийг явсан бүх газраасаа олсон байна. Үүнээс хойш Европчууд хас тэмдэг нь дэлхийн хүн төрөлхтний эртний соёлын өв болохыг ойлгож хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг.
Харин Гитлер хас тэмдгийг зөвхөн өөрийнх мэтээр өмчилж уг тэмдэг нь Герман үндэстний дархлааны билэг тэмдэг болтлоо хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл 1920 1933 онуудад арьс өнгөний ялгаварлын жинхэнэ утгийг илэрхийлж байсан бөгөөд Ари үндэстний эртний тэмдэг мэтээр ойлголтыг өгч байлаа. Туг, далбаа, хувцас, дуулга, одон гээд бүхий л зүйлдээ хас тэмдгийг гүн шингээж өгсөн юм. Мөн байгаль, ой модыг ч алгасалгүй шингээжээ.
1933 он бол Гитлерийн хүч оргилдоо хүрч байсан жил юм.
Хас тэмдэг үүсгэгч моднуудыг 1992 онд Германы кадастрын компаны ажилтан Gunter Reschke онгоцноос зураг, төлөвлөгөө боловсруулан явж байхдаа санамсаргүй байдлаар Zernikow-ын ойролцоох ойгоос анх нээж илрүүлжээ. Ойн гүнд яг 100 ширхэг моднууд өнгөөрөө ялгаран хас тэмдгийг бүтээж байв. Түүнчлэн уг ялгарал нь зөвхөн хаврын улиралд мэдэгддэг байсан болохоор энэ олон жилийн турш хэн ч үүнийг олж харж чадаагүй аж. Харин ойн модны мэргэжилтэн Klaus Goricke судалгаа хийсний үндсэн дээр уг моднуудыг 1930-аад оны үед тарьсан болох нь тогтоогдсон юм. Тэгэхээр тэмдэглэж үлдээсэн 1933 он эсвэл 1938 оны аль нэгэнт тарьсан нь ойлгомжтой болжээ.
Уг моднуудыг хэрхэн тарьсан талаар хэд хэдэн таамаглал байдаг ч нэг нь ч баттай биш юм. Гитлерийн төрсөн өдрийг тохиолдуулан Zernikow-оос гаралтай нацист офицер уг моднуудыг тариулсан гэх таамаг бий. Учир нь тухайн үед Berliner Zeitung сонинд Zernikow-ын гудамжинд Гитлерт зориулан мод тарьж байгаа тухай нийтлэгдэж байжээ.
Өөр нэгэн таамаг нь орон нутгийн тариачид Их Британы BBC радио сонссоныхоо төлөө шийтгүүлэх дээрээ тулсан учир Гитлерт үнэнч байхаа андгайлан сайн дураараа уг моднуудыг тарьсан гэх таамаг юм. Харин ОХУ-ын зүгээс 1992 онд уг модыг олохоос өмнө ийм зүйл байдгийг мэдэж байсан тухайгаа Германы талд мэдэгдэж байжээ. Гэхдээ яг хаана гэдгийг нь тэд мэдэхгүй байснаа өгүүлсэн байна.
Харин 1995 онд нацизмыг эсэргүүцэгч залуус уг моднуудыг устгахаар шийдэж 43 модыг нь огтолж дуусаад байтал байгал хамгаалагчид ирэн тэднийг болиулжээ. Үүний дараа уг мэдээ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бөгөөд эсэргүүцэгч иргэд дахин цугларч нэмэлтээр 25 модыг нь тастсаны үр дүнд хас тэмдэг танигдахын араггүй болж бүрэн устсан байна.
Мөн үүнтэй яг ижилхэн үйл явдал АНУ-д болсон бөгөөд 1970 оны сүүл үед Нэгдсэн улсад хас тэмдэг бүхий ойг илрүүлсэн байдаг. Түүнчлэн Киргизстанд 2006 онд иймэрхүү зүйл олдсон байна. Өнөөдөр дэлхийн маш олон улсад хас тэмдгийг хуулиар хориглосон байдаг аж. Уг нь тэгэх шаардлага байхгүй боловч Гитлер болон түүний фашизмыг хас тэмдэггүйгээр төсөөлөхөд бэрх тул бусад бүх утгаас нь илүү фашизмын утга нь хүн төрөлхтөнд хамгийн тод үлдсэн байна. Иймээс нацизм, үндэсний үзэл дахин түгэн дэлгэрэхээс сэргийлж дайнд их хохирол амссан улсууд хуулиараа хоригложээ.