Тахиа хэдийгээр толгойгоо тастуулавч нэлээд хэдэн минут амьсгаа хураалгүй амьдарч чаддаг тухай хүмүүс мэднэ. Бүр зарим тахианууд толгойгүй боловч зүг бүрт гүйж байгаад газарт унах явдал ч бий.
Тэгвэл тахиа гэх уг амьтан нь толгойгүй боловч амьдрах бүрэн боломжтой байдаг. Учир нь түүний гол тархины байрлал нь толгойдоо бус гавлын яснаасаа доош 45 градусын налууд оршдог аж. Өөрөөр хэлбэл хүзүүнд нь тухайн амьтны мэдрэлийн бүтэц, хариу үйлдэл үзүүлэх хэсэг, хөдөлгөөнийг удирдах хэсэг зэрэг нь байрладаг байна. Иймд ихэнх тахиа тухайн мөчдөө үхдэг боловч зарим тохиолдолд толгойгоо тастуулсан боловч хэсэг хугацаанд амьдарч байгаад үхдэг юм. Гэсэн хэдий ч толгойгоо тастуулаад хэсэг хугацаанд бус 1 жил 6 сарын турш амьдарсан цор ганц тахиа хүн төрөлхтний нэн шинэ түүхэнд бүртгэгдсэн байдаг.
Mike хэмээх толгойгүй тахиа
Уг түүх ингэж эхэлсэн юм. 1945 оны 9-р сарын 10-ны өдөр АНУ-ын Колорада мужид орших Lloyd Olsen гэх эр тахианы шөл хийхийн тулд өөрийн фермийн 5 сартай тахиагаа золионд гаргахаар шийджээ. Энэ явдлаас хойш уг тахианд Mike гэх нэр өгсөн бөгөөд хүмүүс түүнийг “гайхамшигт Mike” гэж дуудах нь ч бий.
Тухайн үед түүний эзэн толгойг нь тастсан боловч Mike хэсэг сандран гүйж байгаад удалгүй яг л хэвийн мэт хариу үйлдэл үзүүлэн тайван алхаж эхэлжээ. Тэр үхэхээс татгалзсан хэрэг. Тахиа алах ажиллагаа нь амжилтгүй болсон фермер эр түүнийг тэр чигээр нь үлдээхээр шийдэж өөр хоол хийж идээд тайван нойрсжээ. Гэвч хамгийн хачирхалтай нь маргааш өглөө Mike үхээгүйгээр барахгүй бие нь муудсан шинж огт байхгүй байв. Иймд Olsen уг тахианд тохиолдсон гайхамшгийг зүгээр өнгөрүүлэхгүйгээр шийдэж түүнийг амьдруулахын тулд ус, сүү, буудайн жижиг хэлтэрхийнүүдээр хооллож эхлэв. Түүнийг хооллохдоо нүдний дусаагуураар шахаж дусаадаг байлаа.
Түүний эзэн толгойг нь тастах үедээ венийн судсыг нь онолгүй цавчсан тул тэр цус алдаж үхээгүй аж. Үр дүнд нь нүдний хараа болон тархины бага зэрэг хэсгээ гээсэн боловч бусад зүйл нь гэмтээгүй байлаа. Харин хараагүй болсон тул хөдөлгөө нь бага зэрэг болхи болжээ.
Удалгүй уг тахианы тухай орон нутгийн сонин мэдээлэл нийтэлснээр Mike болон түүний эзэн Oslen нар од болж эхлэв. Нэгдсэн Улс даяар уг мэдээ тархаж тэдэнд АНУ-ын мужуудаар тахиагаа үзүүлэн аялах хүсэлт тавьжээ. Эзэн ч түүнийг нь дуртайяа зөвшөөрсөн байдаг. Тэд мужаас муж, хотоос хот дамжин маш их алдар нэрийг олж байлаа.
Хүмүүс түүний тахиаг үзэх гэж, түүгээр барахгүй хамт зургаа дарах гэж мөнгө төлдөг байсан бөгөөд Mike эзэндээ сар бүр 4,500 доллар олж өгдөг болов. Үүгээр барахгүй 10,000 доллараар тахиаг худалдаж авах санал ирж уг тахиа нь Time, Life сэтгүүлүүдийн хараанд ч өртсөн байдаг. Харамсалтай нь Mike 18 сарын турш тасралтгүй аялан тоглолт хийж яваад Arizona мужийн Phoenix хотод түүний шоу өндөрлөсөн юм.
1947 оны 3-р сарын 17-ны өдөр Phoenix хотын аялан тоглолтын үеэр тэд жижиг буудалд буудаллаж байсан бөгөөд Mike дусаалгаар дусаасан эрдэнэ шишийн үйрмэгэнд хахаж хоолой нь битүүрч амьсгалах араггүй болж үхсэн байдаг. Тухайн үед түүний эзэнд амийг нь аврах ямар нэгэн багаж хэрэгсэл байсангүй.
Fruita тосгонд орших Mike-ын дурсгалын баримал
Энэ явдлын дараа Olsen хэвлэлд Mike-ыг үхсэн хэмээн хэлэхгүй байхаар шийдэж түүнийг сэтгүүлчдэд зарсан хэмээн худал хэлсэн байдаг. Мөн өнөөдрийг хүртэл түүний дурсгалыг хүндэтгэж төрөлх нутаг болох Colorado мужийн Fruita тосгонд “толгойгүй тахиа” хэмээх олон нийтийн арга хэмжээ зохиогддог байна.