Thomas Fitzpatrick нь 1930 онд АНУ-д төрсөн билээ. Түүнийг бага байхад дэлхийн хоёрдугаар дайнд АНУ ялалт байгуулсан тул 15 настай жаал хүү энэ явдлаас үлгэр жишээ аван нисэгч болохоор шийдсэн байдаг. Иймээс тэрээр насанд хүрэх үедээ армид элсэж 1950-1953 оны хооронд Солонгосын дайнд алба хааж байлаа. Арми түүнд онгоц хэрхэн жолоодохыг заасан бол дайн түүнд хэрхэн чадварлаг жолоодохыг заасан юм.
1956 оны 9-р сарын 30-ны өдөр тэрээр New York хотын нэгэн барнд архи хэтрүүлэн хэрэглэж согтсон бөгөөд тэнд байсан үл таних залуутай маргалдаж улмаар New Jersey-ээс New York хүртэл газрыг би 15 минутад л туулж чадах хүн гэжээ. Гэтэл өнөөх залуу нь түүний үгэнд итгэлгүй басамжилсан тул Thomas Fitzpatrick өнөөх эрийг барны гадаа хүлээж байхыг хүсээд New Jersey2ын зүг давхисан байдаг.
Тэрээр New Jersey-д очин нисэхийн сургуулийн хашааг хууль бусаар даван сургалтын онгоц хулгайлаад бүх радио холбоо, гэрлийг нь унтраасан чигээр New York хүртэл нисээд гэгээн Nicholas-ын өргөн чөлөөний 191-р гудамжны эцэст орших барны үүдэнд онгоцоо газардуулсан байна. Түүний уг үйлдлийг харсан NewYork хотын иргэд цөм гайхшралд орсон бөгөөд түүнийг басамжилсан залуу ч хэлэх үггүй болжээ. Тэрээр онгоцоо газардуулаад гадаа гартал цагдаа нар ирж түүнийг барьсан байна. Түүнчлэн тэрээр онгоцыг хөл дээрээ тогтох чадалгүй болтлоо согтуу үедээ барьсан ч аз болж ямар ч осол гараагүйд хүн бүр дотроо талархаж байв. Цагдаагийн газраас түүнд хэрэг үүсгэх гэсэн боловч нисэхийн сургуулийн удирдлага түүнд гомдол мэдүүлээгүй тул цагдаа нар 100 доллараар торгоод өнгөрөөжээ.
Гайхалтай нь түүх ингээд дууссангүй. Уг явдлаас 2 жилийн дараа буюу 1958 онд тэрээр NewYork хотын өөр нэгэн барнд архи ууж согтсон үедээ өөрийн түүхийг үл таних залууд ярихад нөгөө залуу нь итгээгүй тул дахин нисэх онгоц хулгайлж NewYork хотын гудамжинд амжилттай газардсан байдаг. Хоёр ч удаа тун ноцтой зөрчил гаргасан тул уг үйлдлийнх нь төлөө шүүхээс түүнийг 6 сарын хугацаатай баривчилжээ. Тэрээр 2009 онд хорт хавдраар хорвоог орхисон юм.