Дэлхий гариг нь бидний мэдэхгүй бөгөөд тайлбарлаж үл чадах хачирхалтай зүйлсээр дүүрэн байдаг билээ. Жишээлбэл амьд хүн тэр бүр амьдраад байдаггүй Индонез улсын ширэнгэн ойн гүнд нүсэр том өвөрмөц шийдэл бүхий барилга байна гэж хэн төсөөлөх билээ. Магадгүй уг барилга нь тахианы дүрстэй байна гэвэл хэний ч санаанд буумааргүй. Гэтэл бодит байдал дээр иймэрхүү зүйлс байдаг байна. Тахианы дүрстэй гэхээр өмнө нь тахианы ферм, эсвэл тахиаг өхөөрдөн барьсан байх гэж хэлж болох ч уг барилга тахианы дүрстэй сүм байсан гэвэл хэний ч санаанд орохгүй биз.
1990 онд Daniel Alamsjah гэх 67 настай хөрөнгө чинээтэй нэгэн эрийн зүүдэнд бурхан айлчлан ирж түүнийг хүн төрөлхтний төлөө сүм барь хэмээн тушаасан гэдэг. Гэхдээ тэр сүм нь энгийн сүм биш бөгөөд тахиаг дүрслэх ёстой бөгөөд ямар нэгэн шашинд үл хамааран Буддист, Ислам, Христ зэрэг ямар ч шашин шүтдэг хэн ч байсан уг сүмийн үүд хаалга нээлттэй байх ёстой аж. Гэхдээ сүм гэхээсээ илүү нүглээ наманчилж мөргөл үйлдэх зориулалттай газар байвал зохино хэмээн бурхан түүний зүүдэнд өгүүлсэн гэдэг.
Уг сүм нь анх ашиглалтад орохдоо хүүхдүүд болон хар тамхичид, сэтгэцийн өвчтэй хүмүүсээс бусад бүх хүнд үүд хаалга нь нээлттэй байх болно хэмээн уг эр хэлж байжээ. Гэвч 2000 оны үед түүний барилгын ажил ид явагдаж байхад зүүдэндээ бурхан залсан эрийн бизнес дампуурч хөрөнгө оруулалт байхгүй болсноор барилгын ажил бүрмөсөн зогсоход хүрчээ. Учир нь хэн ч ширэнгэн ойн гүнд орших тахианы хэлбэртэй сүмд хөрөнгө оруулалт хийхийг хүсээгүй аж. Иймээс үлдсэн ажлыг байгаль дэлхийд даатган орхихоос өөр сонголтгүй хоцорсон байна.
Ийнхүү мартагдсан сүм нь олон жилийн турш ойролцоо хотын залуучуудын очиж архидан согтуурах дуртай газар болж хувирсан бөгөөд гудамжны граффити урлагаар бүх ханийг нь будаж, түүнчлэн Индонезийн кино компаниуд аймшгийн кино хийхэд ашиглаж болохоор сайхан объект болсон байна.
Харин барилгыг өдий зэрэгтэй барихад Alamsjah 4 жилийн турш тосгоны 30 хүнийг дайчлан 2 сая гаруй “рупи” зарцуулсан байдаг. Уг тахиан сүмийг өнөөдөр албан ёсоор “Gereja Ayam” гэж нэрлэдэг бөгөөд жуулчид, гэрэл зурагчдын очих дуртай газрын жагсаалтад ч орж чадсан байна.
Уг барилгын дээд давхарт нь мөргөлийн тэнхим байрлах бөгөөд доод давхар нь хэд хэдэн унтлагын зориулалттай өрөөнүүдээс бүрддэг байна. Гэвч өнөөдөр уг байранд хэн ч амьдрахгүйгээр барахгүй ямар ч гэрэл цахилгаан байдаггүй тул сарьсан багваахайнуудын гэр болон хувирсан аж. Тодруулбал сүмд нийт 15 унтлагын өрөө, 3 ариун цэврийн өрөө байдаг бөгөөд өрөө бүрийн хана графитигаар дүүрсэн байдалтай байна. Хэрэв та Индонезруу аялахаар шийдсэн бол уг газрыг нэг сонирхоод үзээрэй.