Түүнийг Фед Мессер гэх бөгөөд дотнын хүмүүс нь авга Фед хэмээн дууддаг байна. Уг настай эрийг 1902 онд Калифорни мужийн нэгэн эрэгт бодлогошрон сууж байхад нь сэтгүүлчийн ангийн нэгэн оюутан сонирхон “та хэдэн настай бэ?” хэмээн асуусан цагаас түүний түүх олонд ил болсон юм. Тэрээр 1792 онд хойд Каролин мужид төрсөн аж. Хүүхэд наснаасаа эхлэн далай тэнгисээр аялж Европ, Энэтхэг зэрэг олон газруудаар худалдаа хийсээр 1855 онд тэтгэвэртээ гарч гэртээ суухаар болжээ. Гэвч нас нь хөгширсөн боловч бүх бие эрхтэн нь эрүүл байсан тул зүгээр суухыг хүссэнгүй.
Тухайн үед баруун эргийн мужуудад асар их алтны ордууд илэрч гартай болгон мөнгө олохоор зэрлэг барууныг зорьж байсан үе. Мань эр ч насаа гололгүй Калифорни мужид очин 30 жил газар ухаж алт хайсан байдаг. Хангалттай их алт олж чадаагүй ч олсон багахан алтаараа өөрийгөө тэжээн ар гэрээ авч явсаар байжээ. Ийнхүү амьдарч байгаад 1900 оны 10-р сарын 1-ны өдөр газар доорх бичил уурхайд нуралт үүсч хөгшин эр хөлөө гэмтээн уг ажлаа бүрмөсөн орхисон аж. Мөн түүний ач хүүхдүүд хэдийнээ АНУ-д байр сууриа олсон боловсролтой хүмүүс болсон тул Калифорни мужид нь эдлэн газар байшин худалдан авч өгөөд тэнд нь тухтай амьдруулах болсон юм.
Ийнхүү 108 настайдаа тэрээр аргагүй байдлаар тэтгэвэртээ гарч гэртээ сууж өдөржин далайн эрэг болон хүүхдүүдийн тоглохыг харан суусаар өөрийн эрхгүй хөгшрөлт нь хурдасч эхэлсэн гэдэг. Тэрээр сэтгүүлч залууд амьдралынхаа бүх түүхийг ярьж өгөн улмаар түүний түүх сонинуудаар хэвлэгдэн олны танил болжээ. Сонин бүхэнд уг эрийн нийтлэлийн гарчиг нь “гурван зуун дамжин амьдарсан азтай эр” хэмээх гарчигтай байсан юм. Гэвч уг явдлаас нэг их удалгүй буюу 1907 онд 114 настайдаа зүрх нь зогсож жам ёсоороо хорвоогоос хальсан байна.