Энэхүү зурганд тэрээр өөрийн гараар агнасан баавгайн арьсан дээл болон гурав дахь эхнэр Dagmar Gale-ын хамт байгаа нь.
Lorenc Peter Elfred Freuchen гэх урт нэртэй эр бол 19-20р зууны хооронд амьдарч байсан Данийн иргэн юм. Тэрээр анхны аялалдаа гарахын өмнө өөрийн гараар хойд туйлын цагаан баавгай агнаж өөртөө хувцас хийж өмсөөд Гренландын зүг зорьсон аж. Гренланд бол амьдралын асар том сорилт байлаа. Туулах замын урт 1000 км бөгөөд түүнд нохой чарга л байв. Дани залуу урагш алхан энэ бүхнийг туулсан юм. Түүний энэ аялал амьдралынх нь 14 жилийг авч одсон байна. Амь өрссөн аялал 1910-1924 оны хооронд үргэлжилсэн аж.
Аялах явцад нэгэн удаа түүний дээрээс мөсөн уул нурж тэрээр мөсөнд дарагдан үхэл амьдралын зааг дээр очсон байна. Түүнд туслах хэн ч байсангүй. Дани эр мөсөн доор 30 гаруй цаг байсны эцэст өөрийн ялгадсыг мөс хайлуулахад ашиглан мөсний нурамнаас гарсан бөгөөд гурван цагийн турш мөлхөн байж өөрийн явуулын кэмпт хүрсэн байдаг. Мөн аяллын турш чоно, цагаан баавгайн дайралт зэрэг маш олон сорилтууд байсан ч 1924 онд аяллыг эсэн мэнд туулан амьд гэртээ ирж чаджээ.
Аялал нь түүний сэтгэлзүй болон үзэл бодолд үнэлж баршгүй их туршлага өгсөн юм. Тэрээр туулсан бүх зүйл, үзэж харсан туршлагаа үндэслэн гэртээ ном бичиж эхэлсэн бөгөөд түүний зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Eskimo” гэх кино нь 1932 онд Оскарын шагнал хүртэж байжээ.
Түүний адал явдал үүгээр дууссангүй. Аркитикын хайгуулч, мөсөн уулнаас амьд үлдэгч, нүцгэн гараараа чоно устгагч, Оскарын шагналт уг эрийн амьдралд адал явдал, тэмцэл илүү хэрэгтэй байлаа. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын эсрэг үндэсний бүлгэмд нэгдсэн юм. Гэсэн ч тэрээр тулалдаж яваад Герман цэргүүдэд олзлогдсон байна. Амьдралын их сургуулийг бүрэн дүүргэсэн эр 1945 онд дайн дуусахаас өмнө нацистуудын хорих лагериас оргон Швед улс руу оргон гэртээ очиж чаджээ. Гэртээ очоод өөрийн нас явсныг ойлгон хүмүүжилтэй, суурин амьдралыг сонгон еврей бүсгүй Dagmar Gale-тай хуримаа хийж даруухан амьдарсаар 1957 онд АНУ-ын Аляск мужид хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн байна.