Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд түүнийг уг хэргийн сэжигтнээр татан шалгаж буй юм.
Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан ба шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос сэжигтэн О.Боргилыг цагдан хорих санал шүүхэд хүргүүлж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид зургаадугаар сарын сүүл хүртэл цагдан хориод байсан билээ. Энэ хугацаанд амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм.
Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.Тэгвэл мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр хэргийн зүйл ангийг өөрчлөн шалгаж эхэлсэн ба О.Боргилыг хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдэх санал гаргажээ.