Хүн болгон өөр өөрсдийн гэсэн хүсэл сонирхолтой. Тэдгээр хүсэл сонирхлууд нь биднийг бусдаас ялгарах тусдаа бие хүн болохыг тодорхойлж өгдөг чухал ач холбогдолтой байдаг. Хэдий бид өөр өөрсдийн гэсэн өвөрмөц хүсэл сонирхолтой боловч тусгаар улс байгуулж түүнийхээ бүрэн эрхт ерөнхийлөгч болох хүсэл сонирхол хүн бүрт байдаггүй нь мэдээж байх. АНУ-ын Nevada мужийн элсэн цөлд амьдрах Kevin Baught гэх эр тэгвэл өөрийн хүсэл сонирхолдоо үнэнчээр хөтлөгдөн явсаар 1977 оны 5-р сарын 26-ны өдөр Molossia-ын бүгд найрамдах улсыг Nevada мужийн элсэн цөлд байгуулсан байна.
Тэрээр өөрийн улсыг хувийн эдлэн газар болох 53 м.кв талбайд байгуулсан бөгөөд нутаг дэвсгэрээ тойруулан торон хашаа босгож хилээ тусгаарласан байдаг. Өдгөө тус улсад 34 хүн амьдардаг бөгөөд хамгийн том хот нь Baughston юм. Гэхдээ мэдээж ганц хоттой улс л даа. АНУ болон бусад орны иргэд Molossia-ын Бүгд Найрамдах Улсад зочлох бол заавал виз авах ёстой бөгөөд харин Molossia-ын иргэд 2 улсын иргэншилтэй тул хүссэн үедээ АНУ-уруу зорчин дэлгүүр хэсэж байгаад буцаж гэртээ харьдаг байна.
Үүсгэн байгуулагч Kevin Baight өөрийн улсыг байгуулсан цагаас хойш НҮБ-ын гишүүнээр бүртгүүлэхийн тулд нийгмийн идэвхтэй нилээд ажлуудыг хийсэн бөгөөд социалист зүүн Германд 1980 онд албан ёсоор дайн зарласан байдаг боловч тэд хэзээ ч тулалдаж чадаагүй юм. 1990 онд хоёр Герман нэгдсэнээр Molossia-ын ерөнхийлөгч мухардалд орж Герман улстай зарласан дайнаа зогсоосон байдаг. Түүнчлэн АНУ-ын дэмжлэгийг олохын тулд Куба улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан түүхтэй. Гэхдээ энэ нь цаасан дээр бичигдсэн тунхаглал болохоос биш бодит амьдрал дээр хэрхэвч бүтэхээргүй хэлбэрийн төдий тэнэглэл байлаа.
Өдгөө Molossia-ын бүгд найрамдах улс оршин байсаар байгаа бөгөөд тэд улсынхаа төсвийн талаас илүү хувийг аялал жуулчлалаар бүрдүүлдэг байна. Хамгийн хөгжилтэй нь тэдний улсад аялахаар аялалын виз авсан хүмүүс алхаж ороод нэг цаг ч хүрэхгүй хугацаанд тус улсыг бүхэлд нь үзэж дуусаад буцаж алхаж гардаг юм. Түүнчлэн тус улсын ерөнхийлөгч Kevin Baught нь улсын дээд генерал, ерөнхийлөгч, үндэсний баатар, эр зоригийн одон, зэвсэгт хүчний командлагч, профессор, тэргүүний соён гэгээрүүлэгч, ардын элч зэрэг шагналаар өөрийгөө шагнасан байдаг байна.