Цаг хугацаа өнгөрөх хирээр шинжлэх ухаан технологи улам бүр хөгжсөөр байна. Тэр дундаа бүх нийтийн өргөнөөр хэрэглэж буй гар утас нь хүн төрөлхтний амьдралын хэв маягийг үндсээр өөрчилсөн гэж хэлж болно. Өнөөдөр хэдий ухаалаг гар утаснууд бий болсон ч уг технологи энд хүрэх гэж нилээдгүй түүхийг илээсэн. Өнөөгийн нийгмийг бий болгохын тулд маш олон компаниуд үүсгэн байгуулагдсан бас арчигдсан. Тэдний нэг нь бол Нокиа юм. Нокиогийн дуудлага дээр байдаг үндсэн аяыг мэдэхгүй 20-р зууны хүн гэж байхгүй байх.
Ердөө 20 хүрэхгүй жилийн өмнө ар утас, харилцаа холбооны салбарт Нокиа компани нь тэргүүлж байв. Тэд өөрсдийнхөө логог дэлхий даяар таниулж гар утас нь хүн бүрийн халаасанд явдаг байлаа. Тэдний “connecting people” гэх уриа нь жинхэнэ утгаараа хэрэгжиж байсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Гэхдээ тэд нэг алдаа гаргасан нь өөрсдийн бараа бүтээгдэхүүн нь хангалттай хэмжээнд зарагдаж дэлхийг монополчилж байсан тул үргэлж иймээрээ байх юм шиг санаж шинэчлэлтээс ухарч хойш суусан явдал юм.
Тэд өөрсдийн хамгийн анхны гар утсыг 1992 онд гаргасан бөгөөд уг утас нь Noka 1011 гэх загвар байлаа. Уг утсанд ердөө гуравхан ая байсан бөгөөд уг асуудалд ноцтой анхаарч 1994 онд Nokia 2110 нээлтээ хийхдээ нилээд олон аяны сонголттойгоор хүмүүсийн гар дээр ирсэн байна. Харин 1999 онд Nokia Tune гэж гарган хүмүүс асар олон төрлийн аянаас сонгож авах боломжийг бүрдүүлсэн түүхтэй.
21-р зууны эхэнд гарсан Нокиагийн сурталчилгаа
Тэгвэл Нокиа гар утасны дуу хоолой, өнгө төрхийг тодорхойлогч хүн бүрийн сэтгэлд шууд л орж ирдэг аяыг 1902 онд Испаны гитарчин Francisco Tarrega зохиож байжээ. Тэрээр 1852 оны 11-р сарын 21-ны өдөр Villareal тосгонд төрсөн бөгөөд түүний хувь тавилан нь дэлхийн хөгжмийн түүхэнд гитарын 20-р зууны сонгодог хэв маягийг бий болгож, түгээн дэлгэрүүлэх явдал байсан юм. Тэр үүнийгээ хийж чадсан болохоор л энэ нь түүний хувь тавилан болсон хэрэг.
Тэрээр 20-р зууны тун чадварлаг хөгжимчин байсан бөгөөд бүр хүүхэд наснаасаа төгөлдөр хуур болон гитарыг бүрэн эзэмшсэн аж. Francisco нь амьдрах хугацаандаа нийт 78 аяыг гитар дээр зохиосон нь бүгд 20-р зууны хөгжмийг үндэслэгч сонгодог аянуудын тоонд багтаж чадсан юм. Мөн тэр богино ая зохиох их хүсэл эрмэлзэлтэй байдаг байсан тул нэгэн удаа богино хэмжээний ая зохиосон нь хожимоо хүн бүрийн мэдэх Нокиа гар утасны ая болсон түүхтэй.
Хамгийн гайхамшигтай нь нэг зуун жилийн дараа буюу 2010 оны эхэн үе гэхэд өдөр бүр дэлхий даяар түүний аяыг 2 тэрбум хүн сонсдог болов. Харин 2011 онд Нокиа корпорац дампуурлын ирмэгт тулан Microsoft компанид нэгдсэнээр бүтцийн хувьд бүрэн шинэчлэлт хийж тус аяыг ч гэсэн бүрмөсөн халсан байна.