Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Еврей гаралтай хүмүүст тусалсан хүн бүрийг гэр бүлийнх нь хамт цаазаар авдаг хатуу хууль үйлчилж байлаа. Тэгвэл Irena Sendler энэ бүх аюулыг сөрөн өөрт байгаа бүхнээ золиослон 2000 гаруй Еврей хүүхдийн амь насыг аварч байсан юм.
Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Германд эзлэгдсэн Польш улсын нийгмийн халамжийн хэлтэст ажилд орсноор түүний гайхамшигт үйл хэрэг эхэлжээ. 1943 онд бүсгүй Zegota гэх Еврей хүмүүсийг Holocaust-аас аврах нууц байгууллагад нэгдэн Jolanta гэх хуурамч нэрийн дор сувилагч болон Германы залхаан цээрлүүлэлтийн төвүүд уруу очиж хүүхдүүдэд үзлэг хийн зарим хүүхдүүдийг эмнэлгийн машин эсвэл томхон чемоданд хийн авч явдаг байсан байна. Ихэнх тохиолдолд хүүхдүүдийг халдварт өвчин туссан хэмээн хэлж тусгаарлах зорилгоор авч яван Zegota бүлгэмийн гишүүдэд хүргүүлэн тэд цааш нь Польш гаралтай Христын шашинт гэр бүлүүдэд Католик нэр өгөн үрчлүүлдэг байв. Яг энэ зарчмаар тус байгууллага 2500 гаруй хүүхэд аварсан бөгөөд 400 орчим хүүхдийг Irena Sendler өөрийн гараар аварсан байдаг.
1943 онд Германы SS-ын нууц албаны ажилчид түүний хийж буй ажлыг илчилж барьсан бөгөөд бүсгүйг эрүүдэн шүүсэн боловч хамсаатнууд, уг хүүхдүүд гээд ямар ч мэдээллийг хэлээгүй юм. Иймээс бүсгүйг цаазаар авахаар авч явсан боловч Zegota-ын гишүүд залуухан Герман офицеруудыг хахуульдан түүний амийг аварч чадсан юм. Тэрээр нөхдийнхөө тусаар аврагдсан боловч нэрээ сольж өөрийн аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байв.
Тэрээр дайны дараа олон жилийн турш сувилагч хийсэн бөгөөд 1963 онд түүний хийсэн гавьяаг үнэлж Польшийн дээд одон болох шударга ёсны одонгоор шагнасан түүхтэй. Түүнийг Израиль улсын Засгийн газраас хүрэлцэн ирэх урилга илгээсэн боловч коммунист улс үзэл суртлын нөлөөн дор очиж чадалгүй байсаар 1983 онд Польшийн коммунист Засгийн Газраас зөвшөөрөл өгсөн юм. Түүнчлэн 2003 онд Ромын пап John Paul II түүнд хүн төрөлхтний төлөө хийсэн бүхэнд нь талархсан утга бүхий захидал бичиж байжээ. Тэрээр 2008 онд буюу 98 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.