Тэрээр боолын нийгэмд төрсөн боловч АНУ-ын анхны өнгөт арьс бөгөөд эмэгтэй саятан болж чадсан юм. Sarah Breedlove нь 1867 оны 12-р сарын 23-ны өдөх АНУ-ын Louisiana мужид зургаан хүүхэдтэй боолын гэр бүлийн нэгэн хүүхэд болон хорвоод мэндэлжээ. Түүний эцэг эх нь бүхий л амьдралынхаа турш эзэндээ үнэнч зүтгэх бөгөөд хариуд нь эзэн нь тэднээс төрсөн хүүхдүүдийг эрх чөлөөт хүн болгох гэрээ байгуулан харилцан ашигтай ажилладаг байсан бөгөөд уг зарчмын дагуу тэрээр төрөхөөсөө эрх чөлөөт өнгөт арьст бүсгүй байсан юм.
Sarah Breedlove нь 1882 онд Charles Joseph Walker гэх сонин борлуулагч ажил эрхэлдэг нэгэн залуутай гэр бүл болж охин төрүүлсэн боловч түүний нөхөр 1887 онд нас барсан аж. Энэ цаг мөчөөс хойш бүсгүй амьдрахын тулд охиноо дагуулан зовлон бэрхшээл бүхний эсрэг сөрөн зогссон түүхтэй. Түүний төрсөн 3 ах нь Missouri мужийн Saint Louis-т амьдардаг байсан бөгөөд тэд бүгд үсчин байсан тул ах нараа түшиглэн гоо сайхны салонд ажиллан өдөрт 1-с их доллар олж чаддаг байв. Гэвч тэрээр охиноо өндөр боловсролтой нэгэн болгох хүсэлтэй байсан тул илүү мөнгө олох шаардлага тулгарав.
Иймд сурсан мэдсэн бүх зүйлсээ сайтар эргэцүүлсний үр дүнд Африк Америк гаралтай бүсгүйчүүдийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэх арга олж түүнийгээ худалдаалж эхэлсэн байна. Тэрээр бүтээгдэхүүнээ зарахын тулд айл нэг бүрийн үүдийг тогшиж өөрөө тайлбарлан явдаг байлаа. Ийнхүү түүний бүтээгдэхүүн хотын иргэдийн дунд нилээдгүй танигдаж эхэлсэн бөгөөд 1905 онд анхны салбар дэлгүүрээ нээж 1906 онд өөрийн охиныг нөхөртэй нь хамт Denver явуулж зах зээлийн судалгаа хийлгэн 1907 онд өөр хотод хоёр дахь салбараа нээсэн юм.
1911-1919 он бол тэдний гэр бүлийн хувьд их сэргэлтийн жилүүд байсан бөгөөд ойролцоогоор 20,000 орчим ажилтантай, АНУ-ын муж бүрт салбар салонтой үндэсний томоохон компани болтлоо өргөжин тэлсэн байлаа. 1920 оны үеэс тэдний компани зөвхөн АНУ-ын зах зээлд бус, Куба, Ямайк, Гаити, Панам, Коста Рико зэрэг улсуудад салбараа нээн бүтээгдэхүүнээ худалдаалдаг болсон байна. Тэрээр 1919 оны 5-р сард буюу 51 насандаа нас барсан юм. Гэвч үхэхээсээ өмнө ойролцоогоор 100 мянга орчим Америк долларыг өнчин хүүхдийн асрамжийн газарт хандивласан байдаг. Өнөөдрийг хүртэл түүний брендийн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр худалдаалагдсаар байна.