ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг улс орноо дэлхийн тавцанд дахин мандуулсан хүчирхэг удирдагч гэдгээр нь мэдэхгүй хүн ховор билээ. Тэгвэл энэ удаа түүний тухай бидний мэддэггүй 17 баримтыг хүргэж байна.
1. Эдүгээ В.Путин 62 настай. Тэрбээр 1983 оны долдугаар сард өөрөөсөө тав дүү онгоцны үйлчлэгч бүсгүй Людмилатай гэр бүл болж байжээ. Гэвч, 2013 онд тэд 30 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, тус тусын амьдралаа хөөх болсон байна. Энэ талаар В.Путин “Бид үнэндээ нэг нэгийгээ харах ч завгүй байдаг. Тус тусынхаа амьдралаар л амьдарч байсан” гэж сэтгүүлчдийн асуусан асуултад товчхон хариулж байжээ.
2. В.Путин хоёр охинтой. Том охин Мариа нь 1985 онд төрсөн бол удаах охин нь 1986 онд төржээ. Тэднийг Герман хэлний дунд сургууль болон Гэгээн Петербургийн их сургуульд суралцан төгссөн гэсэн мэдээлэл бий. Мариа Биологийн ухааны чиглэлээр суралцсан бол Катерина Дорнын соёл судлалын тэнхимд суралцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл, хувийн амьдралын талаарх мэдээлэл тун нууцлагдмал байдаг. В.Путины төр барих ухаан, хувь хүнийх нь зан араншингийн талаар удаан хугацаанд судалсан зохиолч Марин Катуса “Оросуудын ихэнх нь төрийн тэргүүнийхээ хувийн амьдралыг зүгээр л таамагладаг” хэмээн тэмдэглэжээ.
3. В.Путины Засгийн эрх барих хугацаанд олон сэтгүүлч маш хэрцгийгээр амиа алдсан. “The Guardian” сонины сэтгүүлч Петер Престон “В.Путины хувьд хэвлэн нийтлэх эрх чөлөө өчүүхэн зүйл бололтой. Чи эрэн сурвалжилсан уу, чи нийтэлсэн үү, чи үхнэ үү түүнд ямар ч хамаагүй” гэж бичсэн байдаг.
4. Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотод төржээ. “Би эгэл жирийн гэр бүлээс гаралтай” гэж В.Путин өөрийнхөө намтартаа тэмдэглэсэн байдаг. Түүний ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ. Дэлхийн II дайн үед тэр НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байв. Дайны дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагон үйлдвэрлэх газарт ажиллаж байсан байна. В.Путин хоёр ч ахтай байсан хэдий ч хоёулаа бага насандаа өөд болжээ.
5. Ленинградын бүслэлтийн үеэр түүний эх амь үрэгдэж, гэр бүл нь нийтийн байранд нүүж орохоос өөр аргагүйд хүрчээ. Тэнд В.Путин бүх л цагаа хонгилд харх хөөж өнгөрүүлдэг байжээ. Халуун ус, ОО-ын өрөө, ванн ч үгүй нийтийн байрны таван давхрын 200 фут квадрат талбайтай давчуу өрөөнд тэрбээр бага насаа өнгөрүүлсэн байна.
6. В.Путины эцэг 1930 оны үе буюу дэлхийн II дайны үед НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байв. Дайны жилүүдэд тэрбээр Ленинградыг батлан хамгаалах ажилд оролцжээ. Харин дайны дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагон үйлдвэрлэх газарт ажилласан байна. Тэрбээр аавынхаа тухай “Миний аав хорлон сүйтгэх тасагт томилогдож, Германы эсрэг тэргүүн шугаманд ажиллаж байсан” хэмээн дурссан байдаг. Тухайн үед харьяалагдаж байсан тасгийнх нь хүнс тэжээл дуусахын даваан дээр В.Путины аав дайсны зэвсгийн агуулахыг нь сөнөөж хүндтэй гавьяа байгуулж байжээ. Эцэст нь германчууд тэдэн рүү дайрч байсан аж.
7. “Тэдэнд бараг амьд үлдэх найдвар байгаагүй. Хэдхэн хүн амьд үлдсэний нэг нь аав маань байсан” гэж Путин дурссан байдаг. Түүний аав намаг руу үсрэн орж, хөндий зэгсний завсраар амьсгалж явсаар амьд мэнд үлдэж байжээ. Нийт 28 байлдагчийн дөрөв нь л амьд мэнд үлдсэн байна. Тэрээр дараа нь дахин галын шугам руу очих үед германчуудын шидсэн мина хөлийнх нь ойролцоо бууж, үлдсэн амьдралаа тахир дутуу байдалтайгаар өнгөрүүлжээ.
8. В.Путинд Ленин, Сталины хувийн тогоочоор ажиллаж байсан өвөө Спиридон Иванович Путин ихээхэн нөлөө үзүүлжээ. “The Colder War” номдоо зохиолч Катуса “Путины өвөө түүнийг маш сайн хооллож, сайн хүмүүжүүлсэн” хэмээн тэмдэглэжээ. “Улс төрийн асуудалд мэдрэмжтэй, тэнцвэртэй хандах гээд өөрийн сурсан бүхнээ ач хүүдээ сургасан” гэж Спиридон амьд сэрүүн ахуйдаа ярьж байжээ. Өвөөгөө нас барахад В.Путин 13 настай байсан байна.
9. В.Путин багадаа үнэхээр дэггүй хүүхэд байжээ. “Тэр сургууль дээрээ үймээний эзэн байсан” гэж Катуса тэмдэглэсэн байна. Түүний тарьсан хэргийн улмаас “зарга” мэдүүлсэн хөршүүд нь ядуу сурагч хүүгийн гэрийн гадна дугаарладаг байсан гэж хэлэхэд хилсдэхгүй аж.
10. 12 наснаасаа эхлэн тэрбээр бокс, карате, самбо, жудо, тулааны урлагаар хичээллэх болжээ. Спорт түүнд анхаарлаа төвлөрүүлэх чадамжийг олгосон төдийгүй дутуугаа дүүргэхэд нь тусалжээ.
11. Гэвч “Тэр бүгд миний хувьд хангалттай байгаагүй. Илүү хол алхахын тулд ярих хэрэгтэй болсон. Тиймээс би сайн суралцах хэрэгтэйгээ ойлгосон” хэмээн В.Путин ярьжээ. Тэрбээр багаасаа л тагнуулч болох хүсэл мөрөөдөлтэй байсан тул хуулийн сургуульд суралцан Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд ажиллах түлхүүрээ атгаж байсан байна. Энэ сонголт нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ.
12. В.Путин 1970 онд Ленинградын их сургуульд элсэн орж, таван жилийн дараа хуульч мэргэжлийн цол тэмдгээ авсан байна. Улмаар 22 насандаа Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд хуваарилагджээ. Тэнд 16 жил ажилласан бөгөөд тэрбээр “Харилцааны мэргэжилтэн” гэж өөрийгөө тодорхойлсон байдаг.
13. Герман хэлээр чөлөөтэй ярьдаг байсан тул тэрбээр 1985 онд Ардчилсан Герман улсын Дрезден хотод томилогдон ажиллаж байжээ. Тэнд таван жилийг өнгөрүүлсэн байна. Путин хэд хэдэн удаа тушаал дэвшиж байсан аж. Уншихдаа ч, хүмүүсийг удирдан зохион байгуулахдаа ч В.Путин шилдэг мэргэжилтэн байжээ. Оросын улс төрийн ертөнцийн донсолгосон удирдагч хүнд байх ёстой бүхий л арга барил, зан чанарыг тэрбээр энэ үед л сурч авсан байна.
14. 1989 онд Берлиний хана нурах үед В.Путины тагнуул хийх хугацаа дуусгавар болсон байна. Тэрбээр нутагтаа буцан ирж, их сургуульдаа дахин сурч, “Оросын холбооны улсын эдийн засаг эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн ашиглахаас хамаарна” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Үүний дараа улс төрд орж, их гүрний удирдагч болох зам түүний өмнө тодоос тод зурайх болсон байна.
15. 1999 оны наймдугаар сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин Владимир Путин хэмээх төдий л олны танил бус нэгэн эрхмийг Ерөнхий сайдын албан тушаалд суулгав. Хэрэг явдал үүгээр өндөрлөсөнгүй Ерөнхийлөгч 46 настай В.Путиныг өөрийн залгамжлагч гэдгийг зарласан нь Оросын ард түмэн төдийгүй дэлхий нийтийг гайхширалд оруулсан явдал байлаа. Тухайн үеийн талаар В.Путин “Орос орныг уналтаас аврах ямар нэгэн зүйлийг би хийж чадвал тэр маш том гавъяа гэж бодсон” хэмээжээ.
16. В.Путин аливаа асуудлыг тооцоолохгүйгээр, ямарваа нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэрлэдэггүй. “Үнэ өртөг, эх оронд нь ашигтай тал, дараа нь учирч болзошгүй эрсдэл гээд бүгдийг анхааралтай нарийн тооцоолон шийдвэрлэдэг. Тийм болохоор түүний нүд рүү чичлэхгүй байсан нь дээр” хэмээн зохиолч Катуса тэмдэглэсэн байна.
17. В.Путин Бийтлз хамтлагийн шүтэн бишрэгч. Тэр дундаа Пол Маккартниг шүтэн биширдэг аж. Түүний сонсох хамгийн дуртай дуу бол Бийтлзын хамтлагийн “Өчигдөр”.