Гэрэл зурагчин Ник Ют тэсэрч буй бөмбөгнөөс зугтааж байгаа вьетнам хүүхдүүдийн зургийг 1974 онд авчээ. Чухамхүү энэ зураг дэлхий нийтийг Вьетнам дахь дайны тухай дахин нэг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм.
Есөн настай охин Ким Фукийн 1972 оны зургадугаар сарын 8-ны өдрийн тэр зовлонт мөчийг Ник ийнхүү түүхэнд мөнхөлсөн билээ. Ким зургаа тухайн өдрөөс хойш 14 сарын дараа Сайгон дахь цэргийн эмнэлэгт аймшигт түлэгдлээ эмчлүүлж байхдаа анх харжээ.
Тэрбээр бөмбөгдөлт болсон өдөр ах эгч нараасаа хэрхэн холдон гүйж байснаа мартаж чаддаггүй бөгөөд тэсрэлтийн дуу чимээг одоо хэр сонсдог аж. Туслахыг оролдсон цэрэг түүн рүү усаар шүршсэн нь түлэгдэлтийг улам хүнд шатанд хүргэнэ гэж хэн санах билээ.
Гэрэл зурагчин Ник Ют охинд туслан цэргийн эмнэлэгт хүргэж өгчээ. Ник эхлээд нүцгэн охины зургийг нийтлэх эсэхдээ эргэлзэж байсан ч дараа нь дэлхий ертөнц энэ зургийг харах ёстой гэж шийдсэн байна. Хожим нь энэ зургийг ХХ зууны хамгийн шилдэг зургаар нэрлэсэн билээ.
Гэрэл зурагчин охиныг хэт олон хүн сонирхохоос хамгаалахыг оролдсон боловч 1982 онд Кимийг Анагаах ухааны их сургуульд суралцаж байхад нь Вьетнамын Засгийн газар олсон байна. Түүнээс хойш Кимийн дүрийг суртал нэвтрүүлэгтээ ашиглах болжээ. Би байнгын хяналтан дор амьдрах болсон юм. Энэ гэрэл зураг намайг хаа сайгүй дагалдах болсон тул үхмээр санагддаг байлаа хэмээн охин ярьж байжээ.
Хожим нь Ким сургуулиа үргэлжлүүлэхийн тулд Куба руу зугтаж тэнд ирээдүйн нөхөртэйгээ танилцсан байна. Улмаар тэд хамтдаа Канадад ирж суурьшжээ. Олон жилийн дараа тэрбээр энэ гэрэл зурагнаас хэзээ ч зугтаж чадахгүйгээ ойлгож, зураг болон өөрийн олонд танил байдлаа энх тайвны төлөө тэмцэлд ашиглахаар шийдсэн юм.