Түүнийг Khassan Baiev гэх бөгөөд 1963 онд Чечений нийслэл Grozny хотод төрсөн юм. Түүний эцэг дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан армийн дайчин байсан бөгөөд Khassan-ыг төрөхөөс өмнө Сталин түүний эцэг эхийг болон бусад бүхий л Чеченүүдийг дайнд гавьяа байгуулсныг үл харгалзан төрөлх нутгаас нь төв ази уруу хэлмэгдүүлэн цөлсөн бөгөөд 1959 онд Никита Хрушевийн үед тэд буцаж төрөлх нутаг Чечень оронд ирж Khassan Baiev гэх гайхалтай хүүг төрүүлсэн түүхтэй.
Тэрээр 1980 онд Сибирийн анагаахын сургууль болох Krasnoyarsk-ын анагаах ухааны их сургуульд шалгалт өгөн тэнцэж гоо сайхны мэс засалчаар мэргэжил эзэмшсэн байдаг. 1985 онд тэрээр өөрийн мэргэжлийн дээшлүүлэн их эмч болсон бөгөөд 1988 оноос мэс засал хийж эхлэн 1990 онд Москва хотноо ирж гоо сайхны мэс засалчаараа ажиллаж эхэлжээ. Тэнд тэрээр бүхий л зүйлийг бүрэн сурч чадсан бөгөөд түүний үйлчлүүлэгчид ихэнхдээ Герман, Швед, Швейцар зэрэг хөгжингүй орны хүмүүс байдаг байв. Учир нь Москвад тэд яг ижилхэн хагалгааг асар хямд үнээр буюу өөрсдийнхөө эх оронд хийлгүүлэх үнийнх нь 10 хувьтай тэнцэх мөнгөөр л хийдэг байлаа.
Khassan Baiev 4 жилийн турш Москвад ажиллаж амьдарсан бөгөөд чамгүй мөнгө олж байсан хэдий ч өөрийн төрөлх нутаг, ард түмэндээ тус болохыг хүсч 1994 онд Чечень уруу буцсан байдаг. Гэвч 2000 оны Чечень Оросын 2-р дайн эхэлсэн бөгөөд дайн нэг жилийн хугацаанд үргэлжлэхэд Khassan Baiev нийслэл хотын цэргийн эмнэлэгт ахлах мэс засалчаар ажиллан ямар ч нойр болон хоолгүйгээр бүтэн өдөржин бүхий л төрлийн шархадсан хүмүүсийг эмчилж ганц жилийн хугацаанд 80,000 хүнд мэс засал хийсэн юм. Тэрээр 48 цагийн дотор дунджаар 67 удаагийн мөч тайрах мэс ажилбар болон 8 удаагийн тархи, нугасны мэс засал хийдэг байжээ.
Түүний уг чадварлаг үйлдэл, энэ бүх сэтгэл, ерөнхийлөө Khassan Baiev гэдэг хүний үйлдэл өөрийг нь хэн болохыг дэлхий нийтэд харуулж чадсан тул 2000 оны 4-р сард түүний аюулгүй байдлын үүднээс АНУ түүнд улс төрийн орогнол үзүүлэх хүсэлт явуулсан бөгөөд нэгэнт Оросын тусгай албадын хараанд өртсөн Khassan Baiev эх нутгаа орхихоос өөр араггүйд хүрч дайны төгсгөлд Америкийг зорьсон байдаг. Түүнийг явснаас 10 сарын дараа гэр бүлийнхэн нь ч мөн Америкт очсон юм. Өдгөө тэд өнөр өтгөн гэр бүлээрээ Massachusetts мужид аж төрөн амьдарсаар байна.