Суут хүмүүс ихэвчлэн хоёр ба түүнээс дээш чадварыг энэхэн биедээ эзэмшсэн байдаг. Тэгвэл нийгмийн бүхий л салбарт од болж танигдсан George Clooney-г танихгүй хүн цөөхөн биз. Тэрээр 1961 онд АНУ-д төрсөн Америкийн нөлөө бүхий нийгэм, соёлын зүтгэлтэн хүн юм. Clooney анх жүжигчнээр амьдралын гараагаа эхэлсэн бол улмаар найруулагч, кино зохиолч, продюсер болтлоо өссөн нэгэн. Улмаар түүний мэдлэг чадвар Холливууд гэх нэгэн том тогоонд багтаж чадамгүй халгиж цалгиж эхэлсэн тул нийгмийн зүтгэлтэн болж бизнесийн салбарт хүч үзэн нилээд их ашиг орлого олж чадсан байдаг.
Түүнчлэн нас нэмж хөрөнгө нь ихсэх тутам тэрээр сайн үйлсийн аянуудыг санхүүжүүлж мөнгөө их хэмжээгээр асрамжийн газруудад хандивлан гэгээрсэн тэрбумтнуудын сонгодог замналаар амьдарч эхэлсэн юм. Гэхдээ тэрээр ярилцлага бүртээ нэг л зүйл хэлдэг нь хүн амжилтад хүрэхэд өөр бусад хүмүүсийн жижигхэн боловч тус дэм, сайхан сэтгэл үргэлж хэрэг болдог, энэ бол түүний амьдралын зарчим хэмээн итгэлтэйгээр хэлдэг аж. Энэ нь ч түүний хувьд үнэн гэдгийг нэгэн үйлдлээс нь харж болно.
2013 онд тэрээр үдэшлэг зохиосон бөгөөд уг үдэшлэгтээ маш олон жил холбоогүй байж сураг тасарсан найзуудаа дуудан өөрийнх нь бүх цаг үед найзалж байсан 13 хүнийг нэг дор цуглуулсан байдаг. Үдэшлэг тун сайхан уур амьсгалтай болж эрчүүдийн халуун дотно яриа өрнөж тарах цаг дөхөх үед тэрээр хүн тус бүрт нэг дугтуй өгсөн аж. Харин тэд дугтуйгаа нээж үзэхэд хүн бүрт 1 сая долларын чек байлаа. Найзууд нь гайхаж яагаад ийм зүйл хийж байгааг асуухад тэрээр “та нар бүгд надад тус хүргэж байсан, та нарын нэг нь л надад тухайн цаг үед туслаагүй бол би энд ингээд зогсож байхгүй байх байсан, би та бүхэнд өртэй” хэмээн хэлжээ. Тухайн үед тэнд байсан найзуудынх нь зарим нь өр зээлэнд баригдан тун ч хүндхэн нөхцөлд амьдарч байсан байна. Ийнхүү Холливуудаас төрсөн тэрбумтны нэр хүнд дэлхий даяар улам бүр өссөн түүхтэй.