Roy Sullivan гэх эр 1912 онд төрсөн төрсөн бөгөөд бүхий л амьдралынхаа турш Virginia мужийн Shenandoah-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаль орчны хамгаалагч хийсэн нэгэн. Гэвч түүнд тохиолдсон зүйлс үнэхээр хачирхалтай. Өөрөөр хэлбэл Sullivan хааш зүглэнэ бүрхэг тэнгэр түүнийг даган нүүдэг байжээ. Түүнийг Америкчууд аянга дагуулсан эр хэмээн дууддаг аж. Учир нь тэрээр амьдралынхаа туршид нийт 7 удаа аянгад цохилж байсан юм.
Анхны тохиолдол 1942 оны 4-р сард болсон бөгөөд хөдөө тариалангийн талбайд тэнгэр бүрхэж энд тэндгүй аянга цахилах үед тэрээр аянгаас нуугдах зорилготойгоор ойролцоо байсан өндөр цамхгийн доор орон зогсжээ. Тэрээр уг цамхгийг аянга зайлуулагчтай гэж бодсон хэрэг. Гэхдээ тухайн цамхаг нь дөнгөж шинээр баригдсан байсан бөгөөд аянга зайлуулагч байрлуулж хараахан амжаагүй байжээ. Үүнийг мэдээгүй Sullivan өөрийн биеэр аянгад цохиулах хамгийн өндөр магадлалтай газарт гүйгээд орчихсон байсан хэрэг. Түүнийг нуугдаж байхад гэнэт цамхагт аянга цохиулж тэрээр юу болоод байгааг ч мэдэлгүй шоконд ороод байтал цамхаг бүхэлдээ галд автсан байлаа. Тэрээр бүхий л чадлаараа гүйн гартал түүний үс шатаж байсан аж. Тэрээр гадагш гүйн гарах хугацаанд нийт 8 удаа аянгад цохиулсан бөгөөд үс нь бүрэн шатаж дууссан бөгөөд хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэснээр ухаан оржээ. Энэ нь түүний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай аяганы дайралт байлаа.
Уг үйл явдлаас хойш олон жил өнгөрсний дараа 1969 оны 7-р сарын нэгэн өдөр ачааны машинтай хавцлаар явж байтал машин дээрээс нь аянга цохиулж хөшиж орхисон Sullivan гэнэт шокноосоо гарч машинаа зогсоон гадагш гарсан бөгөөд түүний үс нь мөн л юу ч үгүй шатсан байж. Түүнчлэн 1970 онд гэрийнхээ гадаа аянгад цохиулж зүүн мөрөө сааталд оруулсан бөгөөд 1972 онд Shenandoah-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байхад хормын дотор хар үүлс цугларч мөн л түүнийг аянга ниргэсэн байдаг. Тухайн үед тэрээр өөрийг нь байгалийн ямар нэгэн далдын хүч араас нь элдэн хөөгөөд байгаа мэт санагдсан гэдэг.
Ийнхүү олон удаагийн дайралтаас амьд үлдсэн эр 1976 оны 6-р сарын 5-ны өдөр түүнийг хөдөө явж байхад гэнэт л асар том хэмжээтэй борооны үүл цугларсан бөгөөд Sullivan дахиж цохиулахаас сүнсээ зайлтал айн чиглэлээ өөрчлөн зугтсан боловч бүхий л үүл яг түүний араас даган нүүсээр мөн л ухаан балартал нь ниргэжээ. Тухайн дайралтын дараа түүний хөмсөг болон сормуус нь хүртэл шатсан байдаг. Харин 1977оны 6-р сарын 25-ны өдөр түүнийг загасчилж байхад гэнэт үүл гарч ирэхэд тэрээр маш их айж бүхий л хурдаараа ой мод уруу орж нуугдсан бөгөөд түүний замд гэнэт ойн хүрэн баавгай гарч ирсэн бөгөөд тэрээр ойролцоо байсан мөчрийг барьж баавгай уруу далайх үед гэнэт аянга түүн дээр бууж ухаан алджээ. Буцаж сэргэх үед баавгай байхгүй байв. Магадгүй баавгай яг урд нь мод барин зогсох цахилгаан хүнээс айж зугтсан байж болон.
Ийнхүү сонин тохиолдлоор 7 удаа аянгад цохиулсан эр уг явдлаас хойш гэрээсээ гарахаа байсан бөгөөд хот суурин газарт нүүн очиж дахиж хэзээ ч хотоос гараагүй бөгөөд тэнгэр бүрхэх болгонд гэртээ нуугддаг болжээ.Тэрээр 1983 онд 71 насандаа нас барсан юм.