Хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийн бүхий л амьдралаа золиосолсон хүмүүсийн жишээг бид мэднэ. Тэгвэл яг тэдгээр аугаа хүмүүсийн нэг бол яах араггүй James Barry юм. Тэрээр 1795 онд айлын охин үр болон хорвоод мэндэлж Margaret Ann Bulkley гэх алдрыг зүүжээ. Тэрээр хүүхэд насаа яг л бусад охидын адил өнгөрүүлсэн боловч өсөж том болохын хирээр өөрийгөө эмч болж хүний амь аврах туйлын хүсэлтэй нэгэн болохыг ойлгож авсан ухаарсан байдаг. Тухайн цаг үед эмэгтэй хүүхэд эмчийн мэргэжил эзэмших нь хуулиар хориотой байсан тул өөрийн нэрийг James Barry болгон өөрчилж хувийн болон нийгмийн бүхий л амьдралдаа өөрийгөө эрэгтэй хүний дүрээр танилцуулж жүжиглэхээр шийджээ. Ийнхүү эрэгтэй хүн болсон тэрээр 1813 онд Edinburgh-ын анагаах ухааны их сургуульд элсэн орж мэс засалч мэргэжлээр сурсан юм.
1816 онд сургуулиа төгссөн даруйд түүнийг Их Британы эзэнт гүрний харьяа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын цэргийн эмнэлэгт туслах мэс засалчаар томилогдож Африк тивийн тулаанд шархадсан Англи цэргүүдийг эмчилж эхэлсэн байна. Тухайн үед Их Британиас томилсон ӨАБНУ-ын захирагч Lord Charles Henry-ын бага охин халуун орны өвчин тусаж хүндээр өвдсөн тул James Barry-г дуудаж тэрээр удаан хугацааны турш эмчилгээ хийсний үр дүнд охины амийг аварсан тул эрхэм дээдэс түүнийг шагнаж цэргийн хурандаа цолоор шагнуулсан юм. Харин тэр үед түүнийг өөрөөс нь бусад бүх хүмүүс эр хүн гэж бодож явдаг байлаа.
Тэрээр цэргийн өндөр цолтой дээр маш нар хүндтэй мэс засалч болсон тул Их Британы аян дайн хийж буй дэлхийн өнцөг булан бүрт Barry очин ажиллаж байсан юм. Малта, Кени, Канадаар зогсохгүй Крымийн нэгдүгээр дайнд хүртэл Английн цэргүүдэд мэс засалч хийж амийг нь аварч байв. Иймдээ ч түүний эрх мэдэл, нэр алдар улам бүр нэмэгдэж хүсэл мөрөөдлөөрөө амьдарсаар 1859 онд тэтгэвэртээ гарч асар өндөр тэтгэмж улсаас авч амар жимэр амьдарч байтал гэнэт өөрийгөө цусны өвчтэй болсноо мэдсэн байдаг. Тэрээр өвчинтэйгээ олон жил тэмцэлдсээр 1865 оны 7-р сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд түүнийг нас барах үед моргийн эмч нар эр биш эмэгтэй хүн байсныг анх мэдсэн байна. James Barry-ын амьдралын түүх Их Британи даяар тархсан бөгөөд түүнийг хууль зөрчигч бус хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийн амьдралыг золиосолсон гайхамшигтай хүн хэмээн үзэж байлаа.