1944 оны зун гэхэд Нацист Германы эх газрын армийн гол хүч Ленинград, Норманд, Беларусс гэсэн гурван газар төвлөрч байлаа. Тухайн үед дайны явцад өөрчлөлт гарч эхэлсэн тул Германы бүхий л цэргийн анги нэгтгэлүүд хориглосон хамгааллын байрлалд шилжээд байв.
Яг энэ үеэр ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовский Багратион хэмээх байлдааны өргөн хэмжээний ажиллагааны төлөвлөгөө боловсруулж Сталинд танилцуулаад байлаа. Уг ажиллагаа нь эх орны дайн эхэлсэн цагаас хойших ЗХУ-ын хамгийн анхны өргөн хэмжээний сөрөг довтолгоо буюу Барбаросса төлөвлөгөөний хариу арга хэмжээ байсан юм.
Харин нэрийн хувьд Багратион гэдэг нь 1812 онд Наполеоны эзлэн түрэмгийллийн эсрэг баатарлаг тулалдсан Орос жанжны нэрээр нэрлэсэн байв. Уг ажиллагааг Сталин эхэлж сонсоод маш их эргэлзэж бүр Маршалаа тэнд байгаа сандал дээр суугаад дахиад нэг сайн бодоод үз хэмээн хэлсэн түүх бий. Харин К.К.Рокоссовский өөртөө хэт итгэлтэй байсан тул Сталин түүний ажиллагааг дэмжиж гарын үсгээ зурсан байдаг.
Уг ажиллагааны хамгийн гол утга учир нь Балтын орнуудыг хяналтандаа байлгаж буй Германы эх газрын 4-р армийг зугтах газаргүй болгож бут цохих явдал байв. 4-р арми гэдэг нь хуягт танкны 3-р арми болон эх газрын 9-р армийн дэмжлэгийг авсан 1 сая гаруй цэргийн их хүчний нэгдэл байсан юм. Иймд Зөвлөлтийн арми шөнийн цагаар өнгөлөн далдлалт хийж асар их хэмжээний цэргийн хүчийг Беларуссын хилийн ойролцоо төвлөрүүлж байв.
Өдрийн цагаар бүх цэрэг техникийг ой модонд байрлуулж өнгөлөн далдлалт хийсэн байдаг. Германы тагнуулууд ЗХУ-ыг ямар нэгэн том дайны ажиллагаа хийхээр их хүч цуглуулж байгааг мэдсэн боловч чухам хэзээ бас аль газраар дайрахыг мэдэхгүй байв. Иймд Германы удирдлагууд өөрсдийн нефтийн гол нөөц болох Украин болон Румынд цэргүүдээ хуваан байрлуулж эхэлсэн байдаг.
Ийнхүү 1944 оны 6-р сарын 22-ны өдөр ЗХУ-ын Балтийн фронт болон Беларуссын 1,2,3-р фронтуудыг нэгтгэсэн 2,500,000 гаруй цэрэг 5,200 гаруй танк 5,300 гаруй нисэх онгоцтой асах том хэмжээний армийг Германчуудын төсөөлж ч байгаагүй газар болох Беларуссын зүг довтлох нь тэр. Асар их хэмжээний цэргийн дайралтын тогтоох боломжгүй болсон Германы 4-р арми 5 өдрийн турш ширүүн тулалдсаны эцэст гол удирдлага нь бууж өглөө.
Энэ дайны үр дүнд Германы 400,000 орчим цэрэг амиа алдаж 4-р арми газрын хөрснөөс арчигдаж 350,000 гаруй цэрэг олзлогдсон байдаг. Ийнхүү 4-р армийн сүйрэл нь Германы зүүн Европ, Балтийн орнуудыг ганцхан хормын дотор бүрэн алдахад нөлөөлсөн юм.
Харин олзлогдсон 350,000 гаруй цэргүүдийг бүгдийг нь явганаар Москвагийн зүг туусан бөгөөд Москва хүрэх явцдаа ихэнх нь амиа алдсаар 45,000 орчим цэрэг л эсэн мэнд Москвад хүрч чадсан байдаг. Гэвч тэр цэргүүдийн хувь тавилан тэгээд дууссангүй. Олон жил Зөвлөлтийн төмөр мэт хүйтэн хөдөлмөрийн лагерьт ажилласны эцэст тэднээс ердөө 5,000 цэрэг л гэртээ иргэн ирсэн гашуун түүх бий.
Харин Зөвлөлтийн Балт дахь ялалт байгуулсан цэргийн нэгдэг Жуков жанжинтай нийлэн алс дорнодын 2-р фронт цаашдаа нэг ч ялагдал хүлээлгүй Берлин орсон байдаг. Гэхдээ Германд нэвтрэх үед дайн тун хэцүү болсон нь үнэн. Учир нь 1945 он гэхэд Германчууд эзлэн түрэмгийлэх гэж бус эх орноо хамгаалах гэж тулалдаж эхэлсэн түүхтэй.