Kim Ung-Yong бол 1962 онд Өмнөд Солонгос улсад төрсөн нэгэн бөгөөд өнөөг хүртэл бүхий л цаг үеийн хамгийн өндөр IQ-тай хүн хэмээн Генисийн номд бүртгэгдсэн нэгэн юм. Түүний IQ 210 хэмээн гарч ирсэн нь дэлхий нийтийн хүн төрөлхтнийг гайхшралд оруулсан байдаг. Түүний эцэг нь физикийн ухааны доктор бол ээж нь анагаах ухааны доктор бөгөөд Kim дөнгөж 1 настай байхдаа бүхий л Солонгос цагаан толгойн үсгүүдийг цээжээр мэдэж байснаас гадна 1000 гаруй Хятад ханзийг бичих дараалалтай нь цээжилж 6-р зууны Хятадын уран зохиол уншиж чаддаг байсан байна.
Тэрээр 3 нас хүрдэг жилдээ математикийн бодлогуудыг бодож эхэлсэн бөгөөд тэрээр Англи болон Герман хэл дээр эссе бичиж түүнийг нь эцэг эх нь ном болгон худалдаалж уг ном нь бестселлер болж байсан юм. Харин 5 нас хүрэх үед хүү аль хэдийн Солонгос, Англи, Герман, Франц, Япон хэлнүүдээр чөлөөтэй ярьж сурсан байв. Түүнийг 5 настай байхад Японы Fuji телевизийн шоунд хүүг оролцуулж маш хүнд математикийн бодлогыг түүнд өгөхөд тэрээр ядах юмгүй зурагтаар олон сая хүмүүсийн өмнө бодож жинхэнэ дуулианы эзэн болоод байлаа.
Түүнийг 8 настай байхад АНУ-ын Coloroda-ын их сургууль түүнд урилга илгээж цөмийн физикчээр сурч эхэлсэн бөгөөд уг сургуульдаа мастерын зэргээ хамгаалсныхаа дараа урилгаар NASA-д ажилд орсон байна. Kim NASA-д 10 жилийн турш ажилласан бөгөөд 2010 онд телевизийн ярилцлагад тэрээр хэлэхдээ “НАСА-д өнгөрүүлсэн жилүүдэд надад маш хүнд байсан, би яг л робот мэт тасралтгүй ажиллах, идэх, унтахаас өөр хийх зүйл юу ч байдаггүй байсан. Би ямар ч найзгүй байсан тул их ганцаардаг байлаа” хэмээн хэлсэн байдаг.
Тэрээр НАСА-аас гарсны дараа эх орондоо очиж энгийн хүний ёсоор амьдрахыг хүссэн бөгөөд асар богино хугацаанд өөрийн хүсэл сонирхлын дагуу хот төлөвлөлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж Солонгосын их дээд сургуулиудад эх орны ирээдүй болсон залуусыг бэлтгэхээр багшилж эхэлсэн аж. Тэрээр өнөөдрийг хүртэл их сургуульд багшилдаг бөгөөд хэд хэдэн их сургуулиудын хүндэт профессор хэргэмийг авж чадсан юм.