Хүн төрөлхтөн олон мянган жилийн түүхийн явцдаа маш олон төрлийн амьтдыг төрөл бүрийн хэрэгцээнд ашигласаар ирсэн. Амьтдыг ихэнхдээ унаа, хар ажил, хоол хүнсэндээ зориулан ашигладаг бол шуудангийн үйлчилгээнд ч мөн ашиглаж байсан тохиолдлууд нэлээд их бий. Тухайлбал Канадад нохойг анхан тусламжийн эмчийн үүргээр ашигладаг бол Аляскад шууданчийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн адууны төрлийн амьтдыг маш олон хэрэглээнд ашигладаг бол эртний Грект тагтааг шууданчаар ажиллуулдаг байсан тохиолдлууд олон байгаа.
Тэгвэл өнөөгийн хүмүүсийн хайрлан, халамжилж гэртээ тэжээдэг эрх муурнуудыг ч гэсэн тохирсон ажил даатган хийлгүүлж байсан тохиолдол байдаг. 1870 онд Бельгийн Liege хотын захиргаа хүний хүч, зардал мөнгөө хэмнэхийн тулд 37 муурыг тусгайлан сургаж шууданч болгон бэлдэж бэлтгэлийн төгсгөлд албан ёсоор шуудангийн ажилчны үнэмлэх гардуулсан түүхтэй. ойролцоох тосгод уруу шуудан зөөхөөр туршилтаар ажиллуулсан аж.
Муур тус бүрт усны хамгаалалттай цүнх өгч уг цүнхэнд нь хүрэх ёстой захиа, илгээмжийг нь хийдэг байв. Эхний ээлжид туршилтаар 50 км зайтай орших нэгэн тосгон уруу шуудан илгээж эхэлсэн боловч нэг ч шуудан очих ёстой газраа очоогүй бөгөөд муурнууд ч хэзээ ч иргэж ирэлгүйгээр алга болжээ. Чухам яагаад ийм сайн бэлдсэн муурнууд ингэх болов гэдгийг судалж үзтэл муурнууд ажилдаа явж байхад нь замд нь зэрлэг нохойнууд таарч тэдэн уруу дайрах үед муурнууд нохойноос сүнсээ зайлтал айж ажил амьдралаа умартан зүг бүр таран одоцгоож байсныг сүүлд олж мэдсэн байна. Ийнхүү төсөв мөнгө хэмнэх гэсэн уг туршилт нь хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон хотын захиргаа уг ажлыг эргүүлэн хүнд даатгахаас өөр сонголтгүй болсон юм.