Мьянмар улсын урд болон зүүн урд хэсэгт амьдардаг Karen омгийн бас нэгэн жижиг ястан болох Kayan овгийнхон нь дотроо дөрвөн жижиг хэсэгт хуваагддаг. Тэдний нэг болох Kayan Lahwi гэгддэг аймгийн Padaung хэмээн нэрлэгддэг хүмүүсийн эмэгтэйчүүд хүзүүндээ гуулин цагираг зүүдэг байна. Жуулчид тэднийг “урт хүзүүт”, “анааш хүзүүтнүүд” гэхчлэн нэрлэдэг. Энэхүү уламжлалт зан заншил нь эрт цагийн бүсгүйчүүдийг эр нөхрөөсөө зугтаан хөрш тосгон руу явах боломжийг нь хязгаарлахын тулд хийгдсэн гэж яригддаг.
Урт удаан хугацааны явцад хөрш тосгон руу зугтаагсад үгүй бoлсон ч энэ уламжлал үлдэж хоцорсон байна. Орчин үед зарим бүсгүйчүүд нь хүзүүний цагиргаа авч байгаа ч ихэнх нь ер бусын урт болон сунасан хүзүүндээ энэ өвөрмөц гоёлоо зүүсээр байхыг илүүд үздэг аж. Олон жилийн турш тасралтгүй зүүж ирсэн энэхүү цагираг нь тэдний бие махбодийн салшгүй нэг хэсэг мэт санагдах болжээ. 2008 оны сүүлээр дүрвэгчдийн баазад ирсэн олон залуу бүсгүйчүүд хүзүүвчээ авч хаясны дотор 40 жил цагираг зүүсэн эмэгтэй байсан бөгөөд тэрбээр цагиргаа авсны дараах гурав хоногт жаахан эвгүй байсан гэсэн байна. Хэдийгээр олон хүмүүс энэ уламжлалыг эсэргүүцэж, үгүй болгохыг хүсч байгаа ч өнєє хэр зарим нэг Padaung-уудын тосгонд охид эмэгтэйчүүд нь гуулин цагиргаа зүүсээр байгаа гэнэ.
Гэхдээ уг цагиргийг авахдаа маш болгоомжтой авах ёстой бөгөөд нэлээд хэдэн сарын хугацаанд огцом хөдөлгөөн хийж болохгүй юм. Учир нь нэгэнт цагираг ороож эхэлсэн бол нэг бол бүгдийг нь авна үгүй бол зөвхөн нэмэх гэсэн хоёр л сонголт байдаг. Иймд олон жилийн турш нэмсээр тэдний хүзүү урт нарийхан болсон тул өчүүхэн бага эмзэгхэн хөдөлгөөнд хугарах магадлал өндөр байдаг байна.