Дэлхийн хоёрдугаар дайнд Их Британыг удирдаж ялалт байгуулж чадсан домогт ерөнхий сайд Winston Churchill-ын хувийн бие хамгаалагч болох Шотландын мөрдөгч асан Walter Thompson-ы түүхийг та урьд хожид сонсож байгаагүй байж болох юм. Тэрээр ерөнхий сайдын амийг 30 удаагийн халдлагаас аварч байсан бөгөөд Их Британы өндөр дээд албыг хашсан 18 жилийн турш алхам тутам түүний дэргэд явж ганц хором ч холдоогүйгээр барахгүй түүнийг магадгүй өөрөөс нь ч илүү мэддэг цор ганц хүн байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед даруулсан Winston Churchill-ын дийлэнх зурганд тус эр үргэлж туссан харагддаг. Walter Thomson ерөнхий сайдыг дагаж нийт 18 жилийн турш 321,868 км газрыг хамтдаа туулсан бөгөөд Churchill-ын эхнэрээс ч илүү урт, удаан хугацааг түүнтэй өнгөрүүлсэн аж. Тэрээр цаг үргэлж бие хамгаалагч байгаагүй бөгөөд урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж терроризмын эсрэг мөрдлөг явуулдаг нэгэн байжээ.
Тодруулбал уг эр 1921 оноос 1935 оны хооронд ерөнхий сайдын бие хамгаалагч хийсэн бөгөөд дайны үед буюу 1939-1945 оны хооронд дахин түүний бие хамгаалагч хийсэн байдаг. Түүнийг чөлөөлсөн боловч эргүүлж татсан нь Churchill уг эрийн чадварыг үнэлж түүнд тун их итгэдэг байсныг харуулж байгаа юм. Дайны дараа тэтгэвэртээ гарсан Walter Thompson өөрийн дурсамж номоо хэвлүүлсэн нь АНУ болон Их Британы зах зээлд асар их орлого олсон байна.
Уг төрөлхийн чадварлаг бие хамгаалагч эр London-ы өмнөд хэсэгт орших Brixton-д ажилчны гэр бүлд 13 хүүхэдтэй айлын нэг нь болж төрсөн бөгөөд цагдаа болохоосоо өмнө маш олон ажлуудыг хийж байжээ. Тэрээр London хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалын үеэр террористууд бөмбөг дэлбэлэх гэж байхад нь тэднийг үйлдэл дээр нь барьсан тул уг гавьяаг нь улс даяар үнэлж анх 1921 онд Churchill өөрийн дэргэдээ авсан түүхтэй. Хэдий 1935 онд түүний нас албан ёсоор тэтгэврийн насанд хүрсэн боловч эх орон, ерөнхий сайдын хүсэлтээр албан ажилдаа үргэлжлүүлэн орсон аж.
Тэрээр Churchill-ыг дагаж 18 жил явахдаа бишгүй олон зүйлсийг үзэж туулсан байдаг. Ерөнхий сайд ажил маш ихтэй байдаг тул гэр бүлийнхэнтэйгээ бараг уулздаггүйгээс гадна огт ач холбогдол өгдөггүй хүн байжээ. Ийм ч утгаараа Thompson-ы анхны гэрлэлтийг Winston Churchill үгүй хийсэн байдаг. Учир нь 1929 онд Thompson хуримаа хийх ёстой байсан ч ерөнхий сайд албан уулзалтад маш олон цаг саатсан тул түүнийг хуриманд нь явуулалгүй хамгаалалтад хүчээр байлгасан аж. Харин сүйт бүсгүй энэ бүх ажил мэргэжлийн онцлогийг ойлгоогүй тул түүнтэй гэрлэхээс татгалзсан тул хожим өөртэйгөө ижил зовлонтой бүсгүй болох Churchill-ын нарийн бичиг Mary Shearburn-тай гэр бүл болсон түүхтэй.
Thompson 1935 онд тэтгэвэрт гарч хувиараа үсчин ажиллуулж байсан боловч 1939 оны 8-р сарын 22-ны өдөр Churchill-аас шуудан ирсэн тул түүнийг нээн уншиж үзтэл “надтай лхагва гаригийн 04:30 минутад Croydon-ын нисэх буудалд уулз” хэмээх бичиг л байв. Тухайн үед Churchill засгийн газрын ямар нэгэн албан тушаал хашдаггүй байсан боловч тэрээр уулзахаар шийдэж дахин түүний бие хамгаалагч болсон байдаг. Тухайн үед түүнд долоо хоногт 5 паунд өгөх гэрээ байгуулсан нь өнөөдрийнхөөр 277 паундтай тэнцэж байгаа юм. Уулзалт болсноос хэдхэн сарын дараа Их Британи улс даян дэлхийн энх тайвны төлөө Германы эсрэг тулалдаанд нэгдэж түүний зүтгэж буй Winston Churchill Их Британы ерөнхий сайд болсон түүхтэй. Харин дайны дараа буюу 1945 онд олон жил үнэнчээр Winston Churchill-ын амь насыг хамгаалж явсны төлөө түүнийг Их Британы эзэнт гүний медалиар шагнасан байна.