Оймос нь өнөөдрийн хүн төрөлхтний хувьд өдөр тутмын өмсдөг энгийн л хэрэглээ гэдэг нь мэдээж. Гэхдээ энэ цаг мөчтэй золгох гэж оймос нь их олон мянган жилийг туулсан түүхтэй аж. Оймос нь хүний хувцасны үүсэл хөгжлийн хувьд хамгийн эртний төрөл зүйлийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Бүр чулуун зэвсгийн үед эртний хүмүүс хөлөө гэмтээхээс сэргийлэх болон алхаж явах, ан гөрөө хийхэд хөлөө эвтэйхэн зорилгоор амьтаны арьсыг хэлбэрт оруулан урлаж оймос болгон хэрэглэдэг байсан нотолгоо олдсон байна.
Египтээс олдсон хамгийн эртний оймос
Харин хосоороо олдсон хамгийн эртний оймос нь Египтын Oxyrhynchus хотоос олдсон бөгөөд уг олдвор нь МЭӨ 300-500 оны үед хамаарах аж. Хоёр хурууны тасалгаатай уг оймос нь өнөөдөр Их Британы Victotia and Albert-ын музейд хадгалагддаг байна.
Уг музейн олдвор дээр бичихдээ “Грекын судалгааны баг Нил мөрний зэргэлдээ орших Египтийн эртний хот болох Oxyrhynchus-аас олдсон бидний мэдэх хамгийн эртний хос оймос болно. Олдох үед газрын гүнд булагдсан байсан бөгөөд уг олдвор нь 19-р зуунд олдсон юм. Судалгааны багийн гишүүн Robert Taylor Esq 1900 онд Их Британы музейд олдворыг гардуулсан болно” хэмээн бичжээ. Уг олдвор нь хүн төрөлхтний түүхэн хөгжлийн нэгэн том гэрч болж өгсөн аж.
Учир нь чулуун зэвсгийн үе, болон бусад эртний үеүүдэд оймыг амьтаны арьсаар хийдэг байсан бол уг оймсыг даавуугаар нэхсэн нь гол утга учир нь оршино.
Хүн төрөлхтний түүх үнэхээр баялаг аж. Бүр яруу найраг, шүлэг дуундаа хүртэл оймсыг оруулсаар иржээ. Эртний Грекийн яруу найрагч Hesoid хамгийн анх “хөлөө дулаан байлгах ёстой, дулаан байлгахын тулд оймос өмсөх ёстой” хэмээх хоёр мөртийг яруу найргандаа оруулж байсан байна.
Эртний Ромын цэргийн даргийн баримал
Түүнчлэн дэлхийн хүчирхэг гүрэн асан Ромийн цэргүүд сандалан дотроо оймос өмсдөг байсан ул мөр олдсон аж. Эртний Грек болон Ромын маш олон уран барималуудад сандалан дотороо оймос өмссөн хүнийг дүрсэлсэн байдаг. Энэ нь өвлийн хүйтэн цаг агаарыг даван туулахын тулд тухайн ард түмэн оймос өмсдөг байсныг харуулж байгаа юм.
Эртний Ром болон Грекүүд өвлийн хүйтнийг давахын тулд оймос өмсдөг байхад яг энэ цаг үе буюу 5-р зууны үед Европ тивийн хүн ард зөвхөн “ариун” хүмүүст оймос өсгөдөг байжээ. Тэднийг ариун гэдгийг шашны лам хуваргууд нотлох бөгөөд адис авч чадсан иргэд л зөвхөн өмсөх аж.
Түүнчлэн оймосны түүхэн хөгжлийн хувьд хүн төрөлхтний ихэнхи цаг үед оймос нь санхүүгийн чадамж болон хувь хүний нийгэмийн үнэлэмж нөлөөг илтгэх нэрийн хуудас болсоор иржээ. Хүчтэй, мөнгөтэй хүмүүс оймос өмсөх нь илүүтэй байж. 19-р зууны эхэн үе хүртэл оймос нь хүмүүсийн нийгмийн түвшинг тодорхойлдог байсан гэсэн үг.
Ийнхүү харанхуй үе олон мянган жилийн турш үргэлжилсэний эцэст 1589 онд анхны оймос оёох анхны механик оёдлын машиныг зохион бүтээсэн байна. Хэдийгээр оймосыг гараар оёох биш илүү үр дүнтэй аргаар хурдан бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэдэг болсон ч нийгмийн цөөнхи буюу хөрөнгөтөн хэсэг л өмсдөг хэвээр байлаа. Харин 1938 онд нилонин материал үйлдвэрлэлд нэвтэрсэнээр оймсны хувьд жинхэнэ хувьсал хийж чадсан байна. Чухам энэ цаг үеэс эхлэн оймсыг бүх нийтээр өдөр тутам хэрэглэж эхэлсэн бөгөөд орчин үеийн оймоснуудын өнгө төрх ч мөн бүрэлдэж эхэлсэн юм.