Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр иргэд талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, худалдан авахад хүндрэл учирч буйг учирласаар. Гэвч үнийн нэмэгдэл, Нийгмийн хөөрөгдөлтэй холбоотой мэдээ мэдээлэл харьцангуй нам жим, иргэдийн эсэргүүцэл ч мөн бага буй нь анзаарагдав. Иймд үнэхээр тэдгээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх, бусад зах, худалдааны төвүүдээр үнэ ямар буй, иргэдийн байр суурийг уншигчиддаа хүргэхээр өнөөдрийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Мэдээллийг үнэн эсэхийг нягтлах үүднээс Талх чихэр ХХК, Сүү ХК, Өгөөж-Чихэр Боов ХХК, түүнчлэн ШӨХТГ-тай холбогдов. Бидний хамгийн эхэнд холбогдсон газар бол хүмүүсийн хамгийн ихээр зорьж авдаг Атар талхыг үйлдвэрлэгч Талх чихэр ХК байлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал М.Бадар-Ууган хэлэхдээ, Манайх Атар талхны үнийг нэмээгүй. Үйлдвэрээсээ 1100 төгрөгөөр дэлгүүр болон үйлчилгээний газруудад түгээлт хийгдэж, 1250-1300 төгрөгөөр борлуулдаг гэв. Харин Өгөөж-Чихэр Боов ХХК болон Сүү ХК-тай холбогдож чадаагүй юм.
Сүү ХК-ны хувьд өнгөрөгч хоёрдугаар сард бүтээгдэхүүнийхээ үнийг 100 төгрөгөөс өсгөсөн тухайгаа: Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Сүү ХК бүтээгдэхүүнийхээ үнийг сүүлийн хоёр жилийн хугацаанд таатай түвшинд тогтвортой хадгалж ажилласан. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр жилийн байдлаар инфляцийн түвшин болон валютын ханшийн өсөлтөөс улбаалан ХАА-аас татан авч буй сүү болон түүхий эдийн үнэ нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг, зардал тогтмол өссөөр байна.
Иймээс Сүү ХК үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй сүүнийхээ үнийг 100₮-өөр нэмэгдүүлсэн гэх хариултыг өгч байсан. Бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, иргэдээс гомдол мэдээлэл ирж байгаа эсэх тухай тодруулахаар ШӨХТГ руу холбогдсон боловч Сэтгүүлчдэд нэгдсэн журмаар албан ёсны мэдээлэл өгнө. Тэр болтол мэдээлэл өгөхгүй гэсэн юм.
Ийнхүү хэд хэдэн газартай холбогдохоор оролдого хийсэн ч зохих хариултаа авч чадаагүй тул ойр хавийн жижиг хүнсний дэлгүүрүүдэд талх, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ ямар байгаа тухай мэдэхээр зорьлоо. ХОТХОН ДУНДАХ ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮД 150-400 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Бидний зорьж очсон эхний дэлгүүрт дөнгөж бараа бууж байсан тул худалдагч эмэгтэй надтай ярилцах завгүй байлаа.
Иймд бүтээгдэхүүний үнээ харахаар өрөөтэй бараа, лангуу руу төвлөрөв. Атар талх 1500, Мишээл 2000 төгрөг, Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 3200, Цөцгийтэй тараг 3000 төгрөг болсон байв. Дээрх үнэ нь хуучин худалдаалж байсан үнээсээ 150- 300 төгрөгөөр ахиу үнэ юм. Бүтээгдэхүүний үнийн тухай дэлгүүрийн эзнээс асуухад: Есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн талх, нарийн боов, сүүн бүтээгдэхүүнүүд 300 хүртэлх төгрөгөөр нэмэгдэж ирсэн.
Жишээ нь Мишээл талх урьд нь 1600 төгрөгөөр ирээд 1800 төгрөгөөр худалдаалдаг байсан бол 1800 төгрөгөөр ирээд 2000 төгрөгөөр худалдаалж байна. Ирсэн үнэ нь нэмэгдсэн болохоор худалдаа эрхлэгчдийн хувьд яах ч аргагүй шүү дээ. Ер нь ч тэгээд коронавирус гээд иргэдийн худалдан авалт эрс буурсан. Үнийн нэмэгдэлд бухимдах иргэд байх ч, ихэнх нь анзаарахгүй гараад явдаг гэв. НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР 100-200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН
Тухайн дэлгүүрээс гараад ойр хавийн хэд хэдэн жижиг дэлгүүрүүдэд орсон боловч үнийн зөрүү гарахгүй, бараг л ижилхэн байлаа. Иймд томоохон супермаркетуудыг зорьсон юм. Юун түрүүнд Номин сүлжээ дэлгүүрийн хүнсний тасагт оров. Атар талх 1350, мишээл 1850, Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 3140, Цэвэр сүү 3240, ЦөцгийтэЙ тараг 2900 төгрөгөөр, нарийн боов 200 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байв.
Энэ тухай дэлгүүрийн ажилтнаас тодруулахад, Талх 1250-аар зарагддаг байсан 1350 болсон, харин сүү 100-150 төгрөгөөр нэмэгдсэн. Яагаад нэмэгдсэнийг бид сайн мэдэхгүй. Кассын үнээр л бид борлуулдаг гэв. Тухайн жижиг хүнсний дэлгүүрүүдийг бодоход Номингийн үнэ харьцангуй бага нэмэгдсэн байлаа. БАЯЛАГ УНДРАА ХҮНСНИЙ ЗАХ 100-150 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Ажлын өдөр байсан тул Баялаг-ундраа захын хувьд хүн сийрэг, худалдагч нар ч илүү завтай харагдаж байв. Бид талх, нарийн боовны цэг болон сүүн бүтээгдэхүүн худалдаалах лангуун дээрээс үнийг харахад Миний Монголын сүү /3.2 хувийн тослогтой/ 3000 төгрөг, Цөцгийтэй тараг 2800 төгрөг, элгэн тараг 2900 төгрөг, Мишээл талх 1950 төгрөг, Атар талх 1350 төгрөгөөр тус тус худалдаалж байв. Худалдагчийн тухайд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав. Захуудын хувьд дээрх худалдааны төвүүдтэй харьцуулахад дундаж үнийг тавьсан байлаа. Эх сурвалж: eguur.mn