Бид бүхэн бараг өдөр тутам л дотоод болон гадаад мэдээллийн хэрэгслүүдээр гэмт хэргийн холбогдолтой мэдээллүүдийг хүлээж авдаг. Энэ бүхэн нийгэмд байж л байдаг нийгмийн нэгэн үзэгдэл тул арга ч үгүй биз. Тэгвэл саяхан БНХАУ улсад нэгэн хачирхалтай гэмт хэрэг гарсан байна. Санаа нийлсэн гурван залуу нэгдэж Xianyang мужид орших түүхийн дурсгалт эртний агуйгаас түүхэн үнэт эдлэл хулгайлахаар шийджээ. Гэвч тэд өөрсдийнхөө булшийг ухаж байгаа гэдгээ хэрхэн мэдэх билээ.
Гурван залуугийн 2 нь газар дээрээ амиа алдсан бол нэг нь амьд үлдэн гадагш зугтан гарч чадсан боловч удалгүй цагдаа нарт баригджээ. Чухам юу болсныг асуухад тэд тэсрэх бодис ашиглан агуй уруу орох нүхийг илүү том болгохоор зорьсон байна. Гэвч дэлбэрэлт болох үед агуй бүхэлдээ нурж уг залуу ганцаар зугтаж гарч чадсан аж.
Харин цагдаагийн газраас тэдний нэрний төгсгөл буюу овог болох Shi, Guo, Lu хэмээх нэрсийг л олон нийтэд зарласан байна. Тэднээс Guo нь өмнө булш ухаж байгаад шоронд хоригдож шийтгүүлж байсан нэгэн аж. Гэвч Guo Болон Shi-г энэ удаа аз дайралгүй хонгилд тэр чигтээ гацан үлджээ. Lu гадагш гарч хамаатны хүмүүсээсээ тусламж гуйн тэд дарагдаж хоцорсон хоёр хүнийг гаргахаар нилээд оролдсоны эцэст гаргаж чадсан боловч хэдийнээ амьгүй болцгоосон байв.
Тэдний хулгайлахыг завдсан булш нь МЭ 221-206 оны үед буюу Чин улсын (Манж чин гүрэн биш болно) үед хамаарах түүхийн олдворууд байжээ. Гэвч хулгайчид тэсрэх бодис дэлбэлж нуралт үүсгэсэн тул судлаачид булшинд хэр зэрэг гэмтэл учруулсныг нь тогтоохоор ажиллаж байгаа юм. Түүнчлэн уг булш яг хэний булш болохыг албан ёсоор зарлаагүй байгаа гэнэ. Учир нь тэднийг хулгайлахаар завдах үед булшийг түүхчид судалж байсан бөгөөд олон нийтэд мэдээлээгүй байжээ. Ийм өндөр нууцлалтай байхад эдгээр хүмүүс хэрхэн уг мэдээллийг олж чадсан тухай мөрдөн байцаалт явагдаж байгаа аж.
Чин улс нь нэгэн цагт Хятадын хамгийн хүчирхэг төрт улс байсан юм. Хүмүүс Чин улсыг хамгийн нэр хүндтэй эзэн хаан болох Чин Хуанши гэх нэрээр нь сайтар мэднэ. Учир нь 1974 он нутгийн иргэд худаг ухаж байгаад санамсаргүй тохиолдлоор түүний шавар армийг олж 1987 онд НҮБ-ын дэлхийн соёлын өвийн санд бүртгүүлсэн түүхтэй. Тэнд зөвхөн явган цэрэг гэхэд л 8000 гаруй шавар баримал байдаг аж.