1930 онд Норвегийн Хессдалин тосгоны орчимд уулын чөлөөт авиралт хийж байсан хүмүүс тэнгэрт үзэгдэх учир битүүлэг гэрлийн гэрч болцгоосон байдаг. Чухамдаа тэнд байсан уулчид болон тосгоны иргэд цөм уг гэрлийг харж сүүлд дүрслэн хэлсэн яриа нь ч яг таг нийцэж байсан юм.
Тэнгэрт өвөрмөц хэлбэртэй шар өнгийн аянга мэт гэрлүүд урт зураас татан хөндлөн болон уртаашаа үүсэн хөдөлгөөнгүй байсаар байв. Удалгүй доод хэсэгт нь ногоон, цэнхэр, улаан өнгийн гэрлүүдээс бүрдсэн зэрэглээ мэт хачирхалтай зүйлс бий болжээ.
Гэвч хэсэг хугацааны дараа хөдөлгөөнгүй тогтсон байсан дүрснүүд асар хурдтайгаар байраа солин тэнгэрт эргэлдэж байгаад гэнэт алга болсон хэмээн тэртээх 1930 онд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Уг үйл явдлаас хойш дахиж ийм үзэгдэл гарсан гэх ямар ч яриа үүсээгүй тул Хессдалин тосгоны хэрэг бараг л мартагдаад байв. Гэтэл 2007 онд Норвегийн шинжлэх ухааны экспедицийн багийнхан тус тосгоны ойр орчимд өөр ажлаар ажиллаж байтал шөнө дунд тэнгэрт гэнэт өвөрмөц хэлбэр дүрснүүд араасаа хурц өнгийн гэрлүүдийг дагуулан үүссэн байдаг.
Хожим шинжлэх ухааны багийнхан судалж үзтэл тэдэнд тохиолдсон бүхэн тэртээх 80 гаруй жилийн өмнө тэмдэглэгдсэн түүхэн баримттай тун төстэй үзэгдэл болж таарав. Мөн болсон явдлыг баримтжуулахын тулд тэд гэрэл зураг ч дарж амжсан аж.
Норвегийн эрдэмтэд уг үзэгдлийн учир шалтгааныг судалж эхэлсэн боловч өнөөг хүртэл олигтой таамаг дэвшүүлж чадаагүй л байгаа юм. Тухайн бүс нутагт ураны ордууд ихээхэн байдаг тул ашигт малтмалууд агаарт ууршиж иймэрхүү үзэгдэл бий болгосон байх магадлалтай гэж үзсэн ч ихэнх нь үгүйсгэж байгаа аж. Харин соронзон оронтой холбож тайлбарласан нь амьдралд илүү ойр байгаа гэнэ.