Герман улсад үйлдвэрлэсэн уг Mercedes-Benz машиныг Nepal-ын уул, хад, устай хүнд бэрх замаар хүмүүс дамнуурга дээр дамнан явж буй зургийг хараад өөрийн эрхгүй гайхшрал минь төрсөн юм. Иймээс энэ чухам ямар учиртай зураг болох, хаанаас хаа хүрч яваа машин болохыг нь мэдэхийг хүсч уг зургийг илүү гүн судлахаар шийдсэн минь энэ.
Nepal гэдэг нь Монголчуудын нэрлэдгээр Балба улс юм. 1940 онд Германы их удирдагч Адольф Гитлер өөрийн эх орны үйлдвэрийн нүүр царай болсон Mercedes-Benz машиныг Балбын вант улсын эзэн хаанд бэлэг болгон илгээсэн нь энэ аж. Уг машин нь ийнхүү Балба улсын түүхэн дахь хамгийн анхны машин болсон байдаг. Харин Гималайн уулсыг түшиглэн бүрэлдсэн уг үндэстэн 1956 онд анхны авто замыг өөрийн эх оронд тавьсан байна. Иймээс 1940 онд автомашин явах зориулалтын зам байгаагүй тул Адольф Гитлерийн бэлгийг түүний албатууд дамнуурга дээр зөөсөөр эзэн хаандаа аваачиж өгч буй нь үйл явдлын гэрч нь уг зураг болсон юм.
Түүнчлэн 1940 оны үед боолчлол Балба улсад байсныг уг зураг гэрчлэх мэт. Гэхдээ эзэн хааны албатууд үүргээ биелүүлж байгааг боолын хөдөлмөр гэж хэлж болох эсэх нь мөн эргэлзээтэй. Харин тээврийн хэрэгсэл буюу бүхий л төрлийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж нийгмийн амьдралыг үндсээр нь өөрчилсөн явдал нь нэг талаараа боолчлолыг халсан гэж хэлж болно. Гэвч Балба улсад хуучин цагийн боолын хөдөлмөр өнөөг хүртэл бүрэн устаагүй л байна. Хэрэв та Балба орныг зорих болбол онгоцны буудал, галт тэрэгний буудлаас эхлээд нь хөлсийг нь төлбөл таны төлөө бүхнийг хийх хүмүүсийг олж болохоор. Балба хүмүүсийн эртнээс хийж заншсан ажил нь ачаа зөөх юм. Тэд өнөөдөр Гималайн нуруунд авиралт хийж буй уулчдын ачааг зөөсөөр дагаж орой хүртэл авирдаг байна. Бүр Гималайд дэлхийн рекордыг эвдсэн уулчид ч байдаг. Тэд албан ёсоор уулчин биш боловч уулчдыг дагаж ачааг нь зөөж авирсаар ийнхүү 10-15 удаа Гималайн орой буюу дэлхийн дээвэр дээр гарсан хүмүүс олон бий.
Харин дэлхийн бусад орны уулчид сонирхлоороо, дээд амжилт тогтоохын тулд Гималайд авирдаг бол Балба хүмүүсийн хувьд ууланд авирна гэдэг бол ердөө л тэдний ажил гэж хэлж болно. Бүр тус улсын иргэд хүчилтөрөгчийн даралтад хэдийн дасан зохицсон байдаг тул ууланд авирахад заримд нь хүчилтөрөгчийн баг хэрэг болдоггүй аж. Энэ бол тухайн улс үндэстний олон мянган жилийн турш олж авсан туршлага, амьдралын хэв маяг бөгөөд энэ нь цаг хугацааны явцад тэдний бие организмд өөрчлөлт оруулж хүрээлэн буй орчинтойгоо бүрэн нийцсэн байна. Иймээс Балба хүмүүс дэлхий дээрх хамгийн эрсдэлтэй, эксртем амьдралтай хүмүүс болж таарч байгаа юм.