Ан амьтад цэрэг армид алба хааж байсан сонирхолтой түүхүүд цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэг нь 1942-1963 оны хооронд амьдарч байсан Wojtek гэх баавгай юм. Уг ойн бор баавгайг Иранд алба хааж байсан 22-р их бууны ангийн нэгэн цэрэг аргаж авчээ. Хожим уг баавгай нь албан ёсоор байлдагч цол авч уг их бууны ангийн албан хаагч болсон байдаг. Хамгийн анх Monte Cassino-ын тулалдааны үеэр тэрээр их бууны сумны цистернуудыг зөөхөд тусалсан байна. Харин түүний нэрний утга учир нь гэвэл Wojtek гэдэг нь “тулааныг таалагч” гэсэн хуучин Словени гаралтай нэр аж.
1939 онд ЗХУ Германтай хамтарч Польшийг эзэлсний дараа олон мянган Польш цэргүүд “Гулаг”-ын хорих ангид очин ясаа тавьсан түүхтэй. Гэвч Польш цэргүүдээс бүрдсэн тусгай анги нэгтгэлүүд Иран улсад байсаар байжээ. 1942 онд тэдгээр анги нэгтгэлүүдийн нэгэнд алба хааж байсан Польшийн дайчин Anatol Tarnowiecki эх нь анчинд буудуулж бүтэн өнчин болсон өрөвдөлтэй бяцхан бамбаруушийг олсон байдаг. Түүнийг олсон даруйдаа үрчилж авахаар шийдэж өөрийн цэргийн хуаран дээрээ дагуулж очив. Тэдний ангийн бүхий л цэргүүд бамбаруушт тун сайн хандсан бөгөөд олонхын шийдвэрээр Wojtek гэх нэрийг өгсөн байна.
Түүнийг бамбарууш байхад Польш цэргүүд архины шилэнд сүү хийж угжсаар баавгай болгосон байдаг. Хожим жимс, зөгийн бал зэргээр хооллож ундалсаар зөв зүйл хийх үед нь пиаваар шагнадаг болов. Олон эрчүүдтэй өссөн болохоор ч тэр үү Wojtek нас биед хүрсэн хойноо тамхи татах зуршилтай болсон байжээ. Wojtek чөлөөт цагаараа цэргүүдтэй барилдах дуртай байсан ч тийм ч сайн барилдагч биш байсан аж. Бор баавгай ихэнх тохиолдолд уначихдаг байв. Тэрээр 22-р их бууны ангийг дагаж Сири, Палестин, Египет зэрэг улсуудад алба хааж байсан нэгэн юм.
1943 онд тэд Египетэд очих үед Италын цэргийн хүчний эсрэг шийдвэрлэх дайралт хийхээр болов. Гэвч армийн албан хаагчдын тухай хуульд тэжээвэр амьтантай тулаанд орж болохгүй хэмээн заасан тул тэдний ангийн ахлагч болох Dymiter Szawlugo уг баавгайг тулалдуулахын тулд 22-р их бууны ангийн албан хаагч болгон бүртгэсэн байдаг.
Ахлагч цолтой баавгай цэрэгтэй цэргийн анги тухайн үед дэлхий дээр цор ганц Польшийн 22-р их бууны анги л байсан тул тэд үүгээрээ ихэд бахархан Итали улсыг эзэлсний дараагаар их буу бүртээ баавгайн зураг будаж ангийнхаа үндсэн билэг тэмдгийг болгосон түүхтэй. Харин дайны дараа Wojtek-ыг Шотланд улс уруу зөөсөн аж. Тэнд Sunwick гэх фермд хөгшин фермер эрийн ажилд тусалж сонин, сэтгүүлийн сурвалжлагчдын гол бай болоод байв. Гэвч хөгшин эр нас барсны дараа түүнийг Эдинбургийн амьтны хүрээлэнд хүргэсэн байна. Хэдийгээр Wojtek үлдсэн амьдралаа амьтны хүрээлэнд өнгөрүүлсэн хэдий ч хэзээ ч уйдаж байгаагүй юм. Учир нь түүнийг жил бүр хамт алба хааж байсан 22-р их бууны ангийн цэргүүд эргэж очин нууцаар хамтдаа шар айраг ууж, тамхи татдаг байжээ. Wojtek ч тэднийг сайн танихаас гадна ирэх бүрт нь тун их баярлан хүлээж авдаг байсан гэнэ.