Улс төр гэдэг зүйлээс бүр залхаад заримдаа нэг фэйсбүүк гүйлгэж суухад БНН-ын дарга Б.Жаргалсайхан ах маань “Монголчуудаа та нар Австралийн аборигенчууд шиг болов” гэж байгаа нь заримдаа нэг харагдаж байдаг. Тэгвэл тэд нар чухам яачихсан хүмүүс юм бэ гэх бодол өөрийн эрхгүй надад төрлөө. Мэдээж юуны өмнө Америкийн уугуул иргэд буюу индианчуудтай яг л адилхан Австрали тивийн уугуул иргэд гэдэг нь ойлгомжтой байв. Мөн дээр үед гарч байсан Австралид зугаалдаг хоёр боксчин кангароотай аялаад байдаг нэг кинон дээр ч Аборигенчууд халь гардгийг санаж байлаа. Гэвч тэд чухам хэн юм бэ? Хаанаас хаа хүрч өнөөдөр яаж амьдарч байгаа болоод Б.Жаргалсайхан ахын маань жишээ бүрт гараад байх болов?
Австралийн уугуул иргэд болох Аборигенчууд нь 4000-5000 жилийн өмнө тус тивд очиж суурьшсан хүмүүс болох нь тогтоогджээ. Түүнчлэн тэдний днк-ын шинжилгээний хариуг харж үзэхэд Энэтхэг хүмүүсийнхтэй яг таарч байгаа нь Энэтхэгээс 4000-5000 гаруй жилийн өмнө нүүдэллэн очсон хүмүүс болж таарч байна. Мөн Австрали тивд байдаг “динго” гэх үүлдрийн нохойны генийг ч Энэтхэг нохойны генээс олж тогтоосон нь Монголчууд Америк тивийн Индианчуудтай цусан барилдлагатай ах дүүс гэдгийн адил Аборигенчууд Энэтхэг хоёр угсаатан зүйн нэг ангилалд багтаж таарах нь.
Харин тус бүс нутагт хийсэн өөр нэг гайхалтай нээлт нь Шинэ Гвинейн арлын оршин суугчдын цусанд хийсэн судалгаа юм. Уг судалгаанаас тэднийг 50 орчим мянган жилийн өмнө мөн л Энэтхэгийн бүс нутгаас нүүдэллэн ирсэн хүмүүс болохыг тогтоожээ. Гэвч 50 мянган жилийн өмнө хэрхэн яаж тэр хүрснийг тайлбарлахад түүхчдийн толгой нь үнэхээр хүрээгүй аж. Харин Аборигенчууд яагаад өнөөдөр ингэтлээ доройтох болов?
Энэ бол Испани, Их Британи Америк тивийг хэрхэн колоничилсон яг л түүнтэй ижил зүйл болсон. Гэвч Америк тивд уугуул иргэдийн соёл иргэншилт хүчирхэг улсууд оршин тогтнож байсан бол Австрали тивд ямар ч нийгмийн тогтолцоо бүрэлдээгүй, эзэнт улсууд бий болоогүй байсан нь тэднийг тун амархан эзлэгдэхэд хүргэжээ. Ер нь бол ямар ч тэмцэл хийлгүйгээр сайн дураараа шахагдсаар хүний адаг болон мөхөж буй үндэстэн. Үүний нэгэн жишээ нь уугуул иргэд Австрали улсын хүн амын ердөө 3 хувийг эзэлдэг боловч шоронгийн хоригдлуудын 20 хувийг эзэлдэг аж. Энэ нь Аборигенчууд шоронд орох магадлал энгийн хүнээс хамаагүй өндөр байдгийг харуулж байгаа юм. Нэг талаараа ардчилсан нийгэмд далд хэлбэрийн ялгаварлан гадуурхалын золиос болж байгаа хэрэг. Хамгийн гол нь тэд олон мянган жилийн турш амьдарч ирсэн өөрсдийн газар нутаг дээрээ урилгагүй ирсэн зочдынхоо зохиосон нийгэмд тэдний удирдлага доор дуулгавартай амьдарч буй хүмүүс юм. Ийм болохоор л Б.Жаргалсайхан ах маань энэ бүхнийг жишээ татан ярьдаг байж л дээ. /Энэхүү нийтлэл ямар нэгэн улс төрийн үзэл суртал агуулаагүй болно.