Энэ хорвоод хүмүүс өөрсдийн хамгийн чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцдэг. Нийгмийн олонхын үзэл санаанд зарим хүмүүсийн тэмцээд байгаа зүйл тийм чухал биш мэт санагдах боловч тэд тэмцсээр л байдаг. Тэгвэл Bruno Manser бол яг эдгээр хүмүүсийн нэг байлаа. Тэрээр 1984 оноос эхлэн байгаль орчноо аврахын тулд Швейцарын холбооны улсын амар тайван, баян тансаг амьдралыг орхиж Малайз улсын Sarawak мужид байрлах ширэнгэн ойн овог болох Penan овгийнхонтой амьдрах болжээ.
Учир нь Sarawak-д дэлхий дээрх хамгийн томд тооцогдох ширэнгэн ой байдаг. Гэсэн хэдий ч дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эдгээр моддыг устгах ажлыг асар их хөрөнгө мөнгө далайлган хийх болсонд Швейцар эр эгдүүцэж үзэл бодол нэгтэй Penan овгийнхонтой хамтдаа тэмцсээр иржээ.
Ер нь ширэнгэн ой гэдэг нь өөрөө дэлхийн уур амьсгалд тун чухал нөлөө үзүүлэх экосистемийн нэгэн элемент аж. Ширэнгэн ой нь үүл үүсэх, усны уурын эргэлтэд нөлөөлж чаддаг тул 20-р зууны дунд үеэс их хэмжээгээр тайрч байхгүй болгосны үр дүнд дэлхий нийтэд томоохон хэмжээний ган болох аюул улам бүр ойртсоор байгаа юм. Өнөөгийн дэлхий ертөнц ямар нэгэн аргаар мод, цаасны хэрэглээг багасгахгүй яг энэ хэвээр байх юм бол 2040 он гэхэд өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг дагаад ширэнгэн ой устах аюулд хүрнэ гэж судлаачид тооцсон байна. Хэрэв хэрэг явдал иймдээ хүрвэл дэлхийн цаг уурт нөхөж баршгүй гарз тохиож эргүүлж болохгүй өөрчлөлт бий болох гэнэ.
Харин Bruno Manser энэ бүхнийг олж харсан тул бусад хүмүүс түүнийг юу гэж бодож, бас юу гэж ярихыг үл тоон итгэл үнэмшил, ирээдүйн хүн төрөлхтний сайн сайхны төлөө уг үйл хэргийг тасралтгүй явуулсаар байсан юм. Соёл иргэншилт ертөнцийн хүн харилцаа холбоогүй ширэнгэн ойд 6 жилийн турш биеэрээ байрлаж, нутгийн иргэдтэй хамт тэдний газар нутгийг хамгаалан тэмцэнэ гэдэг хэрийн хүнээс гарахааргүй байх эр зориг, сэтгэлийн тэнхээ аж. Тэрээр үйл хэрэгтээ дэлхий нийтийн тусламжийг авахын тулд Швейцарт төвтэй байгаль орчны төрийн бус байгууллагыг байгуулсан байдаг. Гэвч 2000 онд Bruno Manser Швейцараас Малайзын Sarawak-ын ширэнгэн ой уруу зорчиж явахдаа ор сураггүй алга болсон юм. Түүний сургийг өнөөдрийг хүртэл гаргаагүй боловч мод бэлтгэлийн компаниуд түүнийг зохион байгуулалттайгаар хөнөөсөн гэх таамаглал байдаг байна.