Япон улсад байрлах ногоон тэнгисийн залгаа орших Tojimbo-ын хавцал гэх хад хясаанаас бүрдсэн өндөрлөг газар бий. Уг газрыг жуулчид тун их зорин ирдэг бөгөөд үүнд үндсэн хоёр шалтгаан байдаг. Нэг шалтгаан нь тус бүс нутгийн үзэсгэлэнт байгаль бол үлдсэн ганц шалтгаан нь уг хавцал нь амиа хорлолтын хавцал гэдгээрээ олон нийтийн дунд алдаршсан явдал юм.
Жилд дунджаар 25 хүн уг хавцлаас үсэрч амиа егүүтгэдэг байна. Уг өндөрлөг эрэг нь 1 км орчим урт үргэлжлэх үзэсгэлэнт хаднуудаас бүрдэнэ. Гэвч хүмүүс амиа хорлохдоо яагаад гагцхүү уг газрыг сонгодог болохыг хэн ч хэлж мэдэхгүй гэнэ.
Мөн уг хавцлын түүх их сонирхолтой. Домогт өгүүлснээр бол тухайн нутагт орших Heisein-ji гэх буддын шашны сүмийн шунахай сэтгэлтэй, хуурамч, худалч хуврагуудыг ард иргэд хийдээс нь чирж гарган уг хясаанаас шидэж байсан гэх түүх бий. Ийм ч учраас лам нарын төрлөө олоогүй сүнснүүд амиа хорлох бодолтой хүмүүст нөлөөлж уг хавцал уруу татдаг байж ч болох юм. Ямартай ч ад чөтгөр шингэсэн гэж бат итгэсэн ойр хавийн оршин суугчид уг хавцалд ойртохыг үнэхээр хүсдэггүй байна.

Түүнээс гадна өөр нэг домог байдаг нь Tojimbo хавцлыг Tojimbo гэх буддын ламын нэрээр нэрлэсэн домог юм. Эрт урьд цагт Tojinbo лам Aya гэх үзэсгэлэнт гүнжид ухаангүй дурлаж лам хүний бүхий л сахил, санваараа уландаа гишгэж бүсгүйн араас хөл алдан гүйх болжээ.
Энэ бүхнийг мэдсэн бусад хуврагууд багштайгаа нийлж түүнийг уг хавцлаас нисгэж амийг нь хороосон ажээ. Иймээс уг хавцлыг Tojimbo гэж нэрлэх болсон бөгөөд жил бүр ламын сүнс уг газарт ирдэг байна. Гэхдээ тэрээр асар их уур хилэн тээж догшин шуурганы дүрээр ирдэг гэнэ. Энэ бүхэн үнэн эсэхийг нь мэдэхгүй ч жилд нэг удаа уг бүс нутагт хүчтэй шуурга болдог байна.

Харин уг амиа хорлолтын эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг нэгэн хүн байдаг аж. Түүний нэрийг Yukio Shige гэх бөгөөд 42 жилийн турш цагдаагийн байгууллагад ажиллаж 2003 онд 60 настайдаа тэтгэвэрт гарсан юм. Тэтгэвэрт гарсан цагаасаа хойш Yukio Shige хүний амь аврахаар шийдэж Tojinbo хавцал дээр амиа хорлохоор ирсэн хүмүүстэй уулзаж, ярилцаж тэднийг ятгадаг гэнэ. 2014 оны байдлаар тэрээр 500 гаруй хүнийг үхэх бодлоос нь чөлөөлсөн буянтай нэгэн аж.