Австри-Унгарын эзэнт улс 1908 онд Босни ба Герцеговинаг түрэмгийлэн нэгтгэсний дараа Балканы хойгт үндсэрхэг үзэл газар авч олон нууц байгууллагууд бий болж эхэлжээ. Тэдний нэг нь “Хар гар” буюу “Эв нэгдэл эсвэл үхэл” байгууллага байлаа. Эдгээрийн гишүүнээр бусдын адил оюутнууд Богдан Жераич ба Гаврило Принцип хоёр элссэн байлаа.
Босни ба Герцеговины амбан захирагч Марьяна Варешаниныг 1910 оны зургадугаар сарын 15-нд Жераич хөнөөхөөр оролдох үедээ өөрөө амиа алдсан байв. Домог яриагаар түүний булшин дээр найзынхаа өшөөг авна гэж Гаврило Принцип тангараглажээ.
Австри-Унгарын эзэнт улсын эзэн хаан Франц-Иосифийг хөнөөх гэсэн “Хар гарын” оролдлого 1914 онд бүтэлгүйтсний дараа тэд хаан ширээ залгамжлагч Франц-Фердинандыг хөнөөхөөр шийдсэн байна. Эрцгерцогыг зургадугаар сарын 28-нд Сараевод ирэхэд нь түүнд халдахаар шийджээ. 1889 оны Косовогийн талын тулалдааны ойгоор хаан ширээ залгамжлагч армийн хээрийн сургуульд ирэх ёстой байсан аж.

Энэ тулалдаан нь Балканы ард түмнийг Османы эзэнт улсын мэдэлд оруулах эхлэл байсан гэдэг. Тийм ч учраас босничууд булаан эзлэгчдийн нийслэлдээ хийх цэргийн сургуулилалтыг алгадалт мэтээр хүлээн авч байлаа. Гаврило Принцип уг аллагыг зохион байгуулагчдын нэг байв.
“Хар гар” Принципаас гадна Мухаммед Мехмедбашич, Неделько Чабринович нарын ирээдүйн алуурчдыг мөнгө, зэвсэг, аллагын дараа нь амиа егүүтгэх цианид кальцийн хор зэргээр хангажээ. Зургадугаар сарын 28-ны өглөө Франц-Фердинанд эхнэр София Хотекийн хамт Сараевод ирээд хотын захиргааны байранд болох хүлээн авалтад очихоор явцгаав. Тэднийг угтсан хүмүүсийн хамт алуурчид хаан ширээ залгамжлагчийн цувааг даган явж байлаа.

Австри-Унгарын банкны дэргэд Мухаммед Мехмедбашич түүний машинд бөмбөг хаях ёстой байсан ч цагдаа нар их байснаас түүнийгээ хийж чадсангүй. Дараагийн ээлжид Неделько Чабринович бөмбөг шидсэн ба тэр нь эрцгерцог сууж явсан дараагийн машины дугуй дор дэлбэрч арваад хүн шархадлаа.
Чабринович хор уусан ч тэр нь үйлчлээгүй учир тэрээр голд үсрэх гэж оролдоод цугларсан олонд баригджээ. Хотын захиргааны хүлээн авалтын дараа хаан ширээ залгамжлагч эмнэлэгт шархдагсадыг эргэхээр болсон байна. Энэ үед Хар гар бүлэгийн үлсэн хэдэн хүн хүний хөлөөс зайдуу газар цуглаж ажиллагаа бүтэлгүйтсэн тухай ярилцаж байв.
Гэтэл Гарило Принцип өлссөн тул дэлгүүр орхоор явжээ. Яг тэр үед Франц-Фердинандын жолооч эргэх ёстой басан гудамжаа андууран наагуур нь эргэж буруу гудамжруу орон яваж байхдаа дэлгүүрээс гарж явсан Гарило Принциптэй таарах нь тэр. Гарило Принцип эргэлзэх зүйлгүйгээр метр хагасын газраас хоёр удаа буудсан ба Франц Фердинанд эхнэрийн хамт амь үрэгджээ. Принцип амиа хорлохыг оролдоод амжаагүй цагдаа нарт баривчлагдсан байлаа.
Мөрдөн байцаалт дээр Принцип, Чабринович хоёр хуйвалдаан зохион байгуулагчдыг бүгдийг нь илчлэн хэлсэн гэдэг. Тэднийг шүүх хурал 1914 оны аравдугаар сарын 12-нд эхлээд 28-нд нь ялыг нь сонсгожээ. Хуйвалдагч нараас хэдэн хүнд цаазын ял өгсөн ч 19 настай Принцип, Чабринович хоёр хуулийн дагуу насанд хүрээгүй байсан гэж тооцогдож тус бүр 20 жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна.
Хоёулаа хэдэн жилийн дараа шоронд сүрьеэ өвчнөөр нас баржээ. Австри-Унгарын удирдлага хуйвалдааны ард Серби байсан гэж үзээд тэдэнд аллагыг мөрдөх Австрийн мөрдөн байцаагчдыг нутагтаа оруулах тулган шаардах бичиг өгсөн байлаа. Серби түүнийг нь хүлээн авсангүй учир Австри-Унгар Балканы вант улсад дайн зарлав.
Үүний дараа дайныг Европын бүх хүчирхэг орнууд ээлж дараалан зарласан юм. Ийнхүү Франц Фердинандын үхэлдайны шалтаг болжээ. Дэлхийн нэгдүгээр дайн дөрвөн жил үргэлжлэн наад зах нь 25 сая хүний амийг авчээ.