“Шуурхай зар” сонины сүүлийн дугаарт “Аав зарна” гэсэн зар тавигджээ. Тухайн зар тавиулсан иргэн “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвчингүй” гэсэн байна.
Мөн гурван сая төгрөгөөр үнэлсэн нь төсөөлөхөд ч бэрх. Тодруулахаар зар дээрх дугаар руу залгахад холбогдох боломжгүй байв.
Аав гэдэг хэчнээн эрхэм, нандин хүн билээ. “Аавыгаа зарна” гэж зар тавиулан, мөнгөөр үнэлсэн нь хэрхэвч зөвтгөх үйлдэл биш. Үнэхээр үнэн бол аав гэдэг хүнийг үнэ мөнгөөр үнэлж, хэмжиж болно гэж үү. Хөөрхий аавыг худалдаж авах хүн гарч ирэх болов уу.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд боллоо. Хурлаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Нийслэлийн түгжрэлийг сааруулахын хүрээнд анх удаа 420 тэрбум төгрөгийг нийслэлд татаасаар үлдээж байгаа. Энэ жилийн төсвийн таван том зорилгын нэг нь Улаанбаатар хотод анх удаа ийм хэмжээний санхүүжилтийг үлдээж байгаа хэрэг юм. Энэ бол эхлэл санхүүжилт. Та нар маш сайн ажиллаж, нэг алхвал Ерөнхий сайд дагаад хоёр алхана. Ажлаа л сайн хий. Хот хоёр алхвал Ерөнхий сайд дөрөв алхана. Шийдэл чинь сайн байвал санхүүжилтийг хэд ч болгож нэмж болно.
Эдийн засаг удахгүй өснө. Тиймээс энэ өвөл техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв дээр ажиллах ёстой” гэв.