Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн сурагч ангийн дарга болохын тулд өөрт нь санал өгсөн хүүхэд бүрт 1000 төгрөг өгчээ. Ангийнхаа сурагчдад мөнгө өгвөл өөрт нь санал өгнө гэсэн ойлголтыг хүүхэд хаанаас олж авсан бэ.
Мэдээж томчуудын үйлдлээс, өөрөө харсан, сонссон зүйлээсээ хүүхэд ийм сэтгэхүйтэй болно. Авлигатай холбоотой сургуулийн орчинд гарч байгаа жишээ үүгээр зогсохгүй.
Багш дүн тавихад, сурагчид нэг нэгнээсээ тусламж хүсэх зэрэг энгийн зүйлд авлига бий болж байгааг сурагчид хэлж байна. Гэтэл гадны улс орнуудад дүнгээс илүүтэйгээр хүүхэд ямар хүн болж төлөвших, юу сурч мэдвэл амьдралд хэрэгтэй вэ, юуг сонирхож байна зэрэг асуудлыг чухалчилдаг.
Харин манайд сурлагын дүнг голчилч байгаа нь авлига сургуулийн орчинд үүсэх нэг шалтгаан болж байна.
Сургуулийн орчинд гарч байгаа авлигыг таслан зогсоох үүднээс АТГ, Монголын сурагчдын холбооноос өөр ирээдүй эссе бичлэгийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зарлаж, шалгарсан 100 хүүхдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хүүхдүүд энэ хэлэлцүүлгээс авлигын талаарх ойлголтыг авч, гол нь өөрсдөө эхлэх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан юм.