Хүн гэдэг амьтанд гагцхүү оюун ухаан болон мэдрэмж гэж байдаг учраас л үнэ цэнэ гэдэг зүйлийг бий болгодог байж болох юм. Жишээлбэл яг ижилхэн орц болон материалаар үйлдвэрлэсэн асар олон жигнэмгүүд дундаас гагцхүү ганц жигнэмгийг 23,000 доллараар үнэлнэ гэдэг танд их ойлгомжгүй санагдаж байж болох. Тэгвэл жигнэмэгний туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, түүхэн замналыг нь хүмүүс хүндэтгэж үнэтэй болгосон гэсэн үг. Тэгвэл гурил болон элсэн чихрээс бүрдсэн энгийн нэгэн жигнэмгийг 23,000 доллараар худалдаж авсан тохиолдол 2010 онд гарчээ.
Уг дуудлага худалдааны дараа тухайн жигнэмэг нь албан ёсоор дэлхий дээрх хамгийн үнэтэй гурилан бүтээгдэхүүн болсон байна. Харин яагаад гэвэл ийм учиртай. 1912 онд болсон Титаник хөлөг онгоцны аймшигт ослын үед нэгэн бүсгүй олон бүсгүйчүүдийн адилаар аврах завинд сууж амжсан байдаг. Гэвч түүний халаасанд “Spillers and Bakers” үйлдвэрийн өглөөний цайнд зориулан бүтээсэн нэг ширэг жигнэмэг байсныг тэрээр аврагдсаныхаа дараа хожим мэджээ.
Гэхдээ судлаачид уг жигнэмгийг яг хэн гэдэг бүсгүй аль аврах завинаас авчирсныг тогтоогоогүй боловч 1500 хүн амиа алдсан Титаник онгоцны сүйрлээс аврагдаж чадсан жигнэмэг мөн гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Ийнхүү уг жигнэмэг нь дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд хамгийн өндөр үнэлгээтэй жигнэмгээр шалгарсан байна. Түүнийг худалдаж авсан хүн нь нэрээ нууцалсан тул гагцхүү эртний Грекийн үнэт эдлэл цуглуулдаг нэгэн гэдгээс өөр мэдээлэл байхгүй байгаа гэнэ. Ингээд бодохоор зарим хүмүүс үнэхээр сонин зүйлсэд их мөнгө үрж байгаа харагдах юм. Гэхдээ юу сайхан? Дур сайхан гэдэг шүү дээ.