20-р зууны дээдсийн спорт
Түүхийн бүхий л цаг үед, дэлхийн аль ч өнцөг булан бүрт эртний сурвалжит гаралтай хүмүүс ямагт энгийн ард иргэдээсээ тусдаа байрлаж, тусдаа эд зүйлс хэрэглэж ирсэн түүхтэй. Бүр тэдний чөлөөт цагаа өнгөрүүлж тоглох тоглоом, спорт нь хүртэл энгийн хүмүүсийнхээс тусдаа байсан юм. Хэрэв үнэхээр л тусдаа байхгүй юм бол элит, язгууртан гэж нэрлэхийн учир юунд байгаа юм дээ? Гэх асуулт өөрийн эрхгүй төрөх мэт.
20-р зуунд зөвхөн язгууртнуудын нааддаг байсан спортуудын нэг бол цана юм. Гэвч өнөөгийн та бидний мэдэх уулын цана огт биш аж. Харин морь унасан хүн тэшүүртэй язгууртнуудыг мориор цасан дээр чирж явах байлаа. Энэ нь язгууртан хүн өөрийн биенээс ямар ч хүч гаргахгүй, огт ядрахгүйгээр асар их замыг цасан дээр туулж сэтгэлийн цэнгэл эдлэх нэг арга байв. Уг спортыг Skijoring гэх бөгөөд үгийн үндэс нь Норвеги улсаас гаралтай нохойтой чаргаар уралддаг хүмүүсийг хэлдэг байжээ.
Түүнчлэн уг спортыг АНУ-ын баячууд ихээхэн сонирхдог байсан тул өндөр төлбөртэй их сургуулиудын сурагчид бүхий л муж даяар уг спортын тэмцээнийг зохиодог байв. Харин шагналын санд нь асар их мөнгө байдаг байжээ. Гэвч энгийн хүүхэд өндөр төлбөрт их сургуульд суралцах боломжгүй байдаг байсан тул тэмцээний ялагч нь үргэлж л хөрөнгө чинээтэй нэгэн шалгардаг байлаа. Мөн хэрэв язгууртныг чирж буй морьтой хүн ямар нэгэн алдаа гаргаж эсвэл морь нь алдаа гарган тамирчинг гэмтээх юм бол гэмтлийн зэргээс шалтгаалж хуулийн хариуцлага хүлээдэг тогтолцоотой байсан юм.
1910 оны үед энэ нь цастай өндөр уулсад тулалдаж, ажиллагаа гүйцэтгэх цэргүүдэд тун хэрэгтэй зүйл байж болох юм гэдгийг АНУ-ын армийн удирдлагууд олж харж цэргийн технологид хэсэг хугацаанд ашигласан байдаг. Цэргүүд тэшүүртэйгээ буугаа мөрөвчилж адуунд чирэгдэн нэг цэгээс нөгөөд асар хурдтайгаар очиж чаддаг байлаа. Энэ нь үнэхээр үр дүнгээ өгч байсан боловч аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй Америк болон Европт ийм хуучны аргийг удаан хэрэглэхээс ичсэн түүхтэй. Нэг талаараа уг спорт нь хамгийн залхуу хүмүүсийн спорт гэж хэлж ч болох юм.