Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хассан нь сэргээд буй. Улмаар тэд саяхан улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглохоор ирсэн ч бөхчүүд эсэргүүцэн, барилдуулаагүй. Барилдаан цуцлагдаж байв.
Тэгвэл Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг Сар шинийн барилдаанд барилдуулахгүй түүнээс хойшхи барилдаанд барилдах шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ.
Одоогоос гурав хоногийн өмнө Н.Батсуурь Цагаан сараар барилдах хүсэлтээ МҮБХ-нд илэрхийлж, эрхийг нь хангаж өгөхийг хүссэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав.
Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.
Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.