Энэ долоо хоногт байнгын хороодын хуралдаанаар Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийн хэлэлцээрийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд малын хашаа, хороог энэ том төслөөр санхүүжүүлэх гэж байна гэдгийг шүүмжилж улмаар Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй.
Уг төслийн хүрээнд нийт 30 сая ам.долларын зээлийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бий болгох төсөлд зарцуулах аж. Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд хийгдэх ажлуудад малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэж тусгажээ.
Тэгвэл уг төслийн талаар шүүмжлэл өрнөж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.03.25/ Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр “Хашаа хорооны зээл авах гэж байна гэж баахан шуугиан дэгдлээ, гадаад дотоодгүй шүүмжлэл өрнөж байна. Бэлчээрийг хашаажуулж таримал ургамал тарих хашаажуулалтыг хэлж байгаа юм уу зөв хэлмээр байна.
Тэгэхгүй бол хашаа хороонд зориулах зээл авч, Монгол Улсын гадаад өрийг нэмэх нь гэсэн буруу ойлголт нийгэмд өгчихлөө. Энэ нь дараа дараагийн хэлэлцүүлэгүүдэд хүндрэл учруулаад байна. Арай ч олон улсын байгууллага, бүхэл бүтэн яам айлын хашаа хороог засахад Азийн хөгжлийн банкны зээл авах гэж байгаа гэж бодохгүй байна. Нийгэмд эхлээд зөв мэдээллийг нь өг.
Үнэхээр ийм зориулалтын зээл авах гэж байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх эрх нь төсвийн зохицуулах нэгж дээр байгаа. Тэгвэл УИХ-аас чиглэл өгч өөрчлүүлж болж байна. Энэ зээлийг зөв ашиглаж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бий болгоход л зарцуулах шаардлагатай” гэлээ.